ЭМЯ бусад салбартай нягт ажиллаж байж агаарын бохирдлоос үүсэх өвчлөлийг бууруулна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-07-20 16:17:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар АНУ-ын Өмнөд Калифорнийн болон Лос-Анжелес хотын Хүүхдийн эмнэлгийн профессор, Сабанийн эрдэм шинжилгээний институтийн Хүрээлэн буй орчны хүрээлэнгийн захирал Давид Варбуртоныг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр 2000 оноос эхлэн Монгол Улсын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд ЭХЭМҮТ-тэй хамтран агаарын бохирдол дутуу төрөлт, зулбалтад хэрхэн нөлөөлж буй талаар  судалгаа хийж, өгүүллийг олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлсэн байна.  

Мөн сүүлийн 5 жилийн хугацаанд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний төвөөс тэтгэлэг авч, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр монгол эрдэмтдийн агаарын бохирдлын судалгааг хийж, уг төслийн хүрээнд нийт 20 магистр, докторантын жилийн сургалтын төлбөрийг санхүүжүүлжээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч, тодорхой үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байгаа талаар дурдаад, агаарын бохирдлыг бууруулахад хийж буй судалгаа, шинжилгээний ажил нь хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Доктор Давид Варбуртон нь агаарын бохирдлыг бууруулах нь олон жилийн уйгагүй үйл ажиллагаа бөгөөд цаг хугацаа, олон талт хамтын ажиллагаа шаардах явц гэдгийг хэлээд ЭМЯ бусад салбартай нягт хамтран ажиллаж байж агаарын бохирдлоос болж үүсэх өвчлөлийг бууруулна гэдгийг онцлов.

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүний нөөцийг бэхжүүлэх, нярай, хүүхдийн эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллах талд санал солилцоход хүүхэд судлал, нийгмийн эрүүл мэнд чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг сургах бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ.

Ж.Болор
 
Холбоотой мэдээ