500 гаруй иргэнд дотор ЭХО, В,С вирусын хурдавчилсан оношилгоог үнэ төлбөргүй хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-07-28 15:10:31
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг ДЭМБ-ын дэмжлэгтэй ЭМЯ, Хууль зүй,дотоод хэргийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг хамтран “Вируст хепатитын тархалтыг зогсооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
 
Энэ хүрээнд НЭМҮТ, ТТАХНЭ хамтран Тусгаар тогтнолын талбайд иргэдэд үнэ төлбөргүй дотор ЭХО, хоол боловсруулах эрхтэн, элэгний В,С вирүсийн хурдавчилсан оношилгоо, ясны сийрэгжилт тодорхойлох, шүдний нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийн, зөвлөгөө өгөх, амин үзүүлэлт үзэх, биеийн жингийн индекс тодорхойлох, зөв хооллолтын зөвлөгөө өгөх зэрэг  өвчлөхөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг 500 гаруй иргэнд хийлээ.
 


Манай улсад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл нийт өвчлөлийн хоёрдугаар байрт ордог.
Манай орон 100 мянган хүн амд ноогдох элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа нь дэлхийн дунджаас 8 дахин их буйг илтгэдэг. Сүүлийн 10 жилд  элэгний хорт хавдрын нас баралт тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд жилийн нийт нас баралтын 15 хувийг элэгний өвчлөл дангаараа эзэлж байна. Түүнчлэн 2016 онд  элэгний хорт хавдар нийт хорт хавдрын 39.1 хувийг эзэлсэн дүн гарчээ.   
 
Одоогийн байдлаар манай улсад нийт 400 мянган хүн вирусын халдвартай бөгөөд үүнээс В вирус 80 мянга, В, Д вирус 120 мянга, С вирусын халдвартай 200 мянган хүн байна.
 
Элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирүсийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоох, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн.
 
2017 онд 40-65 насны нийт хүмүүсийг илрүүлэг үзлэгт хамруулах юм. Нийт хамрагдах хүний тоо нь 545 316 хүн байгаа бөгөөд үүнээс энэ сарын байдлаар 37.9 хувь нь үзлэг шинжилгээнд хамарчээ.
 
Вируст хепатиттай тэмцэх, тархалтыг зогсоох, эрт илрүүлэх, эмчлэх үйл ажиллагаа нь зөвхөн эрүүл мэндийн салбарын хийх, хүч хүрэх асуудал биш бөгөөд энэ үйл ажиллагаанд салбар дунд, төр хувийн хэвшилийн хамтын ажиллагаа, хүчин чармайлт ихээхэн чухал гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ