Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэхийг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2017-09-15 11:20:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэх шаардлагыг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ноос УИХ, Засгийн газар болон ЭМЯ-нд хүргүүллээ.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн 3244 эрүүл мэндийн байгууллагад 47 мянга 429 эмч, сувилагч ажилладаг байна. Эмнэлгийн ажилтнууд 550-640 мянган төгрөгийн цалинтай бөгөөд үүнээс татвараа төлөөд 400 мянган төгрөг авдаг аж. Ажилтнуудын дийлэнх нь орон сууцны, цалингийн болон бусад төрлийн зээлтэй. Зээлээ төлөөд үлдсэн мөнгө нь хэрэглээгээ хангахад хүрэлцдэггүй хэмээн МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар хэллээ.

Тэрбээр, “2014 оноос хойш өнөөдрийг хүртэл эмнэлгийн ажилтнуудын цалин огт нэмэгдээгүй. Гэтэл хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэдэн хувиар өссөнийг бүгд мэдэж байгаа. Хүн амын тоотой харьцуулахад улсын хэмжээнд нийт 9550 их эмч ажиллах ёстой. Гэвч одоо ердөө 7400 гаруй эмч ажиллаж байгаа нь стандартаас даруй 22.4 хувиар бага байгаа юм. Орон тооны хомсдлоос үүдэн одоо ажиллаж байгаа албан хаагчдийн ажлын ачааллыг нэмэгдүүлж, иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай үйлчлэх боломжийг ч хязгаарлаж,  ажлын чанарт сөргөөр нөлөөлж байгаа юм.

Тиймээс УИХ, Засгийн газар болон ЭМЯ-наас эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэгдүүлж, 2018 оны төсөвт тусгахыг шаардаж байна. Одоогийн байдлаар бидний шаардлагыг дэмжихээ илэрхийлж 20 мянган эмч, сувилагч гарын үсэг зурлаа. Энэ тоо цаашид ч өсөх болно. Шаардлагыг хүлээн авч, шийдвэрлээгүй тохиолдолд ажил хаялт зарлах хүртэл арга хэмжээ авах болно” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ