Шаргалжуут тосгоны 1400 гаруй иргэн Эрүүл мэндийн шинэ төвөөр үйлчлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-09-20 09:11:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилгын нээлтийн ёслол боллоо.

Тус төвийн үүсэн байгуулагдсаны 26 жилийн ойн өдөр Шинэ төвийн нээлтээ хийж байгаа нь тэмдэглүүштэй гэдгийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тодотгоод энэхүү төв нь стандарт, үзүүлэлтийг  хангасан гэдгийг онцолж байв.

Эрүүл мэндийн төв нь 1991 оноос үйл ажиллагаа тасралтгүй явуулж ирсэн бөгөөд сүүлийн 15 жилд эх нярайн эндэгдэлгүй ажиллажээ. Цаашид лаборатори бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж буйг тус тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч А.Сайнбаяр хэллээ.
Уг барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буюу тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр барьжээ. Ингэснээр тус тосгонд оршин суудаг 1400 гаруй иргэн болон их, бага Шаргалжуутад амарч буй 600-700 хүнд яаралтай түргэн тусламж, нэгдүгээр шатлалын үзлэг эмчилгээг хүргэх боломжтой болов.

Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарт улсын болон салбар яамны хөрөнгө оруулалтаар энэ онд хэд хэдэн сумд эмнэлгийн шинэ барилга барьж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, нийлүүлэлт хийжээ.  Тухайлбал,15 сумын Эрүүл мэндийн төвийн яаралтай түргэн тусламжийн автомашиныг шинэчилсэн, Нэгдсэн эмнэлэгт дурангийн мэс заслын иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөр хэдхэн хоногийн өмнө хоёр хүнд мэс засал амжилттай болсныг дурдав.

Нээлтийн ёслолд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн, УИХ-ын гишүүн Г.Занданшатар,  аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга  болон холбогдох албан тушаалтан, иргэд оролцов. 
 

Ж.Болор
 
 
Холбоотой мэдээ