АНУ-ын эрх баригчдын үзүүлж буй шахалтыг хамтдаа сөрөн зогсохыг уриалжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-22 20:21:43
МОСКВА. /РИА Новости/. БНХАУ болон ОХУ АНУ-ын эрх баригчдын зүгээс үзүүлж буй дарамт шахалтыг хамтдаа сөрөн зогсох шаардлагатай гэж БНХАУ-аас Орост суугаа ЭСЯ-ны цэргийн атташе, хошууч-генерал Куй Яньвэй мэдэгджээ.

“АНУ-ын Зэвсэгт хүчний шинэ стратегийг Орос болон Хятад улс аюул заналхийлэл гэж үзэж байна. АНУ өрнөдийн орнуудтай хамтран Европын хэсэгт Оросыг, Азийн хэсэгт Хятадыг тогтоон барьж байна” гэж Куй Яньвэй ОХУ-ын Холбооны Зөвлөлийн батлан хамгаалах болон аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны дарга Виктор Бондаревтай уулзахдаа хэлжээ.

Үндэсний батлан хамгаалах шинэ стратегийнхаа үндсэн нөхцөлүүдийг АНУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн баасан гарагт нийтэлжээ. Шинэ стратегийн нэн тэргүүний зорилтуудын нэг нь Орос болон Хятадтай өрсөлдөх явдал ажээ. ОХУ болон Хятад улсын эрх баригчид манай улсын хөгжил цэцэглэлт, аюулгүй байдалд аюул занал учруулж байна гэж АНУ үзэж байна. 
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ