100 айлын барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-30 19:04:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Б.Бямбадорж “100 айлыг нүүлгэх асуудлыг хувьдаа дэмжиж байна. Энэ асуудалд хотын ерөнхий төлөвлөгөөний газар, НМХГ зэрэг байгууллагууд анхаарлаа хандуулах ёстой. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд дур зоргоороо худалдаа үйлчилгээ эрхэлдэг байгууллага, иргэд хууль дүрэм сахиж ажиллах ёстой. Өнөөдөр нийслэл хотод амьдарч байгаа 1.3 сая иргэн 100 айл орчимд амьдардаг, худалдаа арилжаа эрхэлдэг 10 мянган иргэнээс болж хохирох ёсгүй” гэв.

Мөн төлөөлөгч Д.Бадарсан: “100 айлын асуудал нь зөвхөн Сүхбаатар дүүргийн 10, 11-р хорооны иргэдийн асуудал биш. Барилгын хортой материалын худалдаа, тоос бужигнасан орчноос үүдэн тэнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, эмнэлэг, сургууль, цэцэрлэг,  100 айлын замаар дамжин зуслан руугаа зорчдог иргэд хохирч байгаа. Тиймээс энэ асуудлыг цогцоор нь харж шийдэх нь зүйтэй” гэлээ.
 
Түүнчлэн төлөөлөгч П.Батчимэг, “100 айлыг нүүлгэх асуудал амаргүй гэдгийг сайн ойлгож байна. Миний хувьд энэ ажлыг анхнаас нь дэмжиж ирсэн төлөөлөгчдийн нэг. Энэ асуудлыг шийдэхийн тулд НИТХ холбогдох газрууд руу нь чиглэл өгөөд нарийвчилсан судалгаа хийж, асуудлын цар хүрээг өргөтгөж ажиллах хэрэгтэй” хэмээв.
 
Төлөөлөгчдийн саналыг хурлын тэмдэглэлд тусгаж, НИТХ-аас НЗДТГ, НМХГ зэрэг холбогдох байгууллагуудад шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг  болголоо.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ