"Олон улсын уран бүтээлчдийн өдөр"-т 200 орчим уран бүтээлч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-04-06 14:06:43
Yesukheitumur Tumurbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилээс анх удаа "Олон улсын уран бүтээлчдийн өдөр"-ийг Монголын сор болсон 200 орчим уран бүтээлчид чуулж, Blue Sky-д баярын цэнгүүнээ тэмдэглэв. 

Хүмүүний амьдралыг бүхий л төрлийн уран бүтээлчидгүйгээр төсөөлөхийн аргагүй гэдэгтэй маргах хүн үгүй биз. Энэ утгаараа нэрт уран бүтээлч төгс гэгээрсэн их багш Чин Хай жил бүрийн 4 дүгээр сарын 3-ны өдрийг Олон улсын уран бүтээлчдийн өдөр болгон зарласан.

Төгс гэгээрсэн их багш Чин Хай “Уран бүтээлч хүн гэдэг хагас гэгээнтэн байдаг. Дэлхийн бүхий л төрлийн уран бүтээлчдийн хайр, билиг ухаан, авьяасаар бүтдэг бүтээл бүр хүн төрөлхтөнд аз жаргал, хайр, баяр баясгаланг өгдөг болохыг мэдэрч, тэднийг дэмжигч урлагийг хайрлагч бүлгийн хүмүүсийг улам олон болохыг уриалж байна” хэмээн мэндчилгээ дэвшүүлснийг цэнгүүний үеэр дэлгэцээр үзүүлсэн юм.
 
Энэхүү арга хэмжээнд дуучин, жүжигчин, зураач, уран нугараач, үгийн урлагийн мастер, уран бичээч, бүжигчин, барималчин, урлагийг хөхиүлэн дэмжигч гээд салбар салбарын төлөөлөл болсон олон уран бүтээлчид хүрэлцэн ирж, өөрсдийг нь ийнхүү өргөмжилж байгаа цэнгүүнд анх удаа хүрэлцэн ирж байгаадаа талархан, сэтгэгдлээ хуваалцлаа.


Төрийн шагналт МУАЖ Н.Сувд хэлэхдээ “Уран бүтээлчид ажлаа сайн хийж байгаа газар дайн дажин дэгддэггүй, энх амгалан цогцолдог гэдэг. Харин энэхүү арга хэмжээ бид бүхэнд хийж бүтээх урам зориг, эрч хүч өглөө” гэв.


МУГЖ Б.Жаргалсайхан “Бид бүхэн олон сайхан баяр ёслол тэмдэглэдэг. Гэвч уран бүтээлчдийг бурхны гэгээнтний дайнд хүлээн авч, хүндэлдэг газар ер нь байхгүй биз. Энэхүү арга хэмжээг санаачилсан Чин Хай багшид талархлаа илэрхийлж байна”  хэмээв.

Уг арга хэмжээний зоогийн ширээ амьтны амь хороогоогүй веган байснаараа онцлог юм. Мөн тэд энэ үдэш согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр дуулж, хуурдан, баярлан цэнгэв.
 
Т.Есүхэйтөмөр 
Холбоотой мэдээ