Ө.Цэрэнчунт В.А.Моцартын дуурьт тоглов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-12-07 11:35:20

Оросын холбооны Буриад улсын Дуурь бүжгийн эрдмийн театр энэ сарын 2-нд В.А.Моцартын “Cosi fan tutti” /Эмэгтэйчүүд бүгд л ижил гэсэн утгатай/ инээдмийн төрлийн дуурийг хоёр дахь удаагаа тайзнаа тоглов.

Энэхүү шинэ бүтээлийн гол дүр Феррандод тус театрт гэрээгээр ажиллаж буй дуурийн гоцлооч Ө.Цэрэнчунт тогложээ.

Энэхүү дуурьт Герман найруулагч, Франц бүжиг дэглээч, Санкт-Петербургийн удирдаач зэрэг олон улсын уран бүтээлчид хамтран ажилласнаараа онцлогтой.

Дуурьт тухайн нийгмийн хэв шинжийг харуулсан, үе тэнгийн залуусын хоорондох үерхэл нөхөрлөл, хайр сэтгэл, хүн чанарын тухай өгүүлнэ.

Манай дуучин Ө.Цэрэнчунтыг гадаадын зочин уран бүтээлчид “Моцартын дуурь дуулахад зориулагдсан мэт хоолойтой юм. Дүрдээ ч сайн зохирч орж байна” гэж олзуурхаж магтаж байжээ. Мөн үзэгчид түүнийг эр цээл хоолойгоор сайхан дуулахын зэрэгцээ үгээ маш сайхан тод хэлж байгаа нь таалагдлаа хэмээн сайшааж урмын үг харамгүй хэлж байсан байна.

Тенор Ө.Цэрэнчунт Орост Хөгжмийн дээд сургууль төгсөөд, дараа нь Итали улсад дуулах урлагт мэргэшжээ.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ