Тосонцэнгэл сумын эмнэлэгт халдвар хамгааллын хувцас хэрэгсэл өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-12-01 16:17:32

Завхан/МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн ажилтай танилцаж, 2.2 сая төгрөгийн халдвар хамгааллын хувцас, хэрэгслийг гардуулан өглөө гэж гишүүний ажлын албанаас мэдээлэв.

Тосонцэнгэл сум нь Завхан аймгийн хүн амын төвлөрөл ихтэй хоёр дахь том сум. Тус сумын нэгдсэн эмнэлэг өнөөдрийн байдлаар тойргийн дөрвөн сум болон өөрийн сумын 15000 гаруй хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тиймээс их хурлын гишүүний зүгээс сумын эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэн өгөх. Эмнэлгийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай байгаа зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн өгч ажиллалаа.

Тухайлбал, энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 190 сая төгрөгийн өртгөөр эмнэлгийн барилгын нэг жигүүрийн засварын ажил хийж байна. Мөн "Балжиннямын Баярсайхан Сан"-гаас долоон сая төгрөгийн санхүүжилтээр төрсний дараах жишиг өрөөг шинээр нээж тохижуулж өглөө. Эрүүл мэндийн сайдад нэн шаардлагатай хоёр ширхэг бөөр орлуулах диализын аппаратыг хүсэлт тавьж уламжилсны дагуу шийдвэрлэн өгөөд байна. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Азийн хөгжлийн банкны зөвлөхүүдтэй шинэ нэгдсэн эмнэлгийн зураг төслийн ажлын талаар санал солилцож, ажил хэрэг болгохоор боллоо гэв.

 

Связанные новости