Тэс үүлдрийн 500 гаруй адууг үзлэг ангилалтад хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-01-19 15:53:02

Завхан\МОНЦАМЭ\. Тус аймагт Цөм сүргийн технологийн нэгжүүд, зарим сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд хамтран цөм сүрэгт үзлэг ангилалтыг хийжээ.

Аймгийн ХХААГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран явуулсан үзлэг ангилалтыг Эрдэнэхайрхан, Яруу, Цагаанхайрхан, Баянтэс, Баянхайрхан суманд цөм сүрэгтэй салбар, нэгж, өрхүүдийн Сартуул үүлдрийн хонийг үзлэг ангилалтад хамруулсан. Сартуул үүлдрийн хонийг ялган тэмдэглэх, гойд ашиг шимтэй мал шалгаруулах, шинээр хээлтүүлэгч тавих ажилд нийт 4,9 мянган мал хамрагджээ.

Ангилалтын үеэр цөм сүргийн Завхан салбар, Сартуул үржүүлэг, технологийн нэгж 350 хуц хурга шинээр  сонгон тавьсан. Цөм сүргийн  салбар 1800, Баянхайрхан сум 406, Баянтэс 118, Яруу 447, Эрдэнэхайрхан сум 2100 мал нийт 4871 Сартуул үүлдрийн хонийг ялган тэмдэглэгээ хийгээд байна. Аймгийн хэмжээний бог малын 13,6 мянган  хээлтүүлэгчийг  үзлэг, атестатчлалд хамруулах ажлыг мал аж ахуйн алба зохион байгуулж, 24  сумын хөдөө аж ахуйн тасаг, мал үржүүлэг технологийн нэгжүүд хариуцан хийгээд буй. Мөн Цөм сүргийн салбар 310 хуц, 20 ухна, мал үржүүлэг технологийн нэгжүүд 200 хуц, 80 ухныг малын чанарыг сайжруулахаар зах зээлд борлуулах, түрээсээр ашиглуулахаар бойжуулсан байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


2000 гаруй сарлаг үхрийг цөм сүрэгт бүртгэжээ
Завхан аймагт бод, бог малд ангилагч, шинжээч бэлтгэх онол, практик хосолсон дадлага сургалтыг амжилттай хийжээ.

Сургалтыг ХААИС, НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран цахим болон дадлага ажлаар явуулсан. Эрдэнэхайрхан суманд малын таван төрөл дээр 24 сумын мал зүйчид дадлагыг газар дээр нь зохион байгуулсан. Аймгийн хэмжээнд 24 сумын мал зүйч мэргэжлийн гэрчилгээтэй болсон байна. Завхан аймгийн тухайд малын дөрвөн төрөл дээр үүлдэр бий. Тухайлбал, Тэс үүлдрийн адуу гэхэд Тэс, Баянтэс сумын 14 өрхийн 521 адуу үзлэг ангилалтанд хамрагдсан байна. Үүнээс 340 адууг цөм сүрэгт, 151 адууг үржлийн сүрэгт, 17 адууг хэрэгцээний сүрэгт хамруулсан байна. Мөн Их-Уул, Тосонцэнгэл, Идэр сумын 116 өрхийн монгол үүлдрийн сарлаг үзлэг ангилалтад хамрагджээ. Үүнээс 2078 сарлаг цөм сүрэгт, 2382 сарлаг үржлийн сүрэгт, 533 сарлаг хэрэгцээний сүрэгт хамрагдсан байна. Эрдэнэхайрхан, Яруу сумын 30 өрхийн сартуул үүлдрийн хонь үзлэг ангилалтад хамрагдаж, 2433 хонь цөм сүрэгт, 2824 хонь үржлийн сүрэгт, 715 хонь хэрэгцээний сүрэгт хамрагдсан байна. Харин Дөрвөлжин сумын 13 өрхийн 4033 Буурал үүлдрийн ямаа үзлэг ангилалтад хамрагдаж 1140 ямаа цөм сүрэгт, 2648 ямаа үржлийн сүрэгт, 245 ямаа хэрэгцээний сүрэгт тус тус хамрагдсан байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.  

Связанные новости