ЗАВХАН: Шинэ үеийн залуусыг уран зохиолд татан оролцуулах аян өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан
аймагт утга зохиолын 7 хоногийг уншигч, уран бүтээлчдийг ойртуулах утга
зохиолын үнэ цэнийг таниулах зорилтот хөтөлбөртэйгээр тэмдэглэнэ.
Улсын драмын эрдмийн театрын санаачилга, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгээр, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран энэ сарын 22-28-нд “Утга зохиолын 7 хоног” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Завхан аймаг энэхүү аяныг долоо хоногийн турш өдөр бүр өөр
хөтөлбөр, агуулгатайгаар уншигч, уран бүтээлчдийг ойртуулах, утга зохиолын үнэ
цэнийг таниулж тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг
болох утга зохиол, ном хэвлэлийн салбарыг хөгжүүлэх. Бүх нийтийн эх хэл, уран
зохиолын боловсролыг дэмжих, хүүхэд, залуучуудад үндэсний ухамсар, сэтгэлгээ,
бахархлыг төлөвшүүлэх зорилготой сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулна.
Аяныг аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Б.Явуухулангийн нэрэмжит төв номын сан, Л.Ванганы нэрэмжит аймгийн Хөгжимт жүжгийн театр, аймгийн Музей, 23 сумын Соёлын төв, аймгийн Утга зохиолын нэгдэл хамтран зохион байгуулж байна.
Тухайлбал их зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгээр контент бэлтгэж олон нийтийн хүртээл болгох юм. Мөн орон нутгийн зохиолчдыг алдаршуулах өдөр, ажил хэрэгч хамтралын өдөр, аймгийн музейн “Алдартны танхим”-ыг сурталчлах өдрүүдийг зохион байгуулах юм.
Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлнэ. Зохиолч уншигчдын өдрийг тэмдэглэж, орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа зохиолчидтой уулзалт зохион байгуулж “Хулангийн унага” яруу найргийн өдөрлөг зэрэг олон нийтэд зориулсан үйл ажиллагааг зохион байгуулах юм.
“Утга зохиолын 7 хоног” аян нь уншигч, судлаач, зохиолч,
уран бүтээлчдийг нэгэн дор цуглуулж, утга зохиолын нийгэмд үзүүлэх нөлөө, үнэ
цэнийг таниулах. Мөн зохиолчдын бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулж соёлын
бүтээлч үйлдвэрлэлд томоохон дэмжлэг үзүүлэх үнэ цэнтэй аян болж байна.
Өөрөөр хэлбэл, үндэсний соёлын дархлааг бэхжүүлэх, эх хэлний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, шинэ үеийн залуусыг уран зохиолд татан оролцуулах томоохон хөшүүрэг болох юм гэж аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээлэв.