Монгол Улс тусгаар тогтнолоо ямар их үнээр олж авсныг эрх баригчдад мэдрүүлнэ гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-10-17 19:56:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эх орон, газар нутаг, хойч ирээдүйнхээ төлөө бидний тэмцэл зогсохгүй. Тэмцлийн ямар ч хэлбэрт шилжихэд бэлэн гэдгээ “Ноён Уулаа Аврах Хөдөлгөөн”-ий тэргүүн О.Цэрэннадмид  өнөөдөр хийсэн мэдээллийн хурлын үеэр илэрхийлэв.

Тэрбээр, “Сентерра Гоулд” компани энэ сарын 12-нд Монгол дахь бизнесээ худалдсан тухайгаа зарласан. Тэд Бороогийн алтны уурхай, Гацуурт төслөө хууль бусаар 35 сая ам.доллараар зарсан. Ноён уулаа аврах хөдөлгөөн 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд анх нэхэмжлэл гаргасан. Түүнээс хойш хоёр жил өнгөрлөө. Удахгүй 40 дэх удаагийн шүүх хүрал болно. Монгол Улс төр засаг, хил хязгаар, хууль тогтоомжтой тусгаар тогтносон орон. Хэдийгээр Ноён уулаа аврах хөдөлгөөн нэхэмжлэл гаргасан боловч энэ нь Монголын нийт ард түмний нэхэмжлэл гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв.

Босоо хөх монгол ТББ-ын УЗ-ийн гишүүн П.Шинжээравдан "Ноён уулаа аврах хөдөлгөөний нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал олон удаа хойшилсоор 40 дэх удаагийн шүүх хурлын шийдвэрээр анхан шатны шүүх рүү хэрэг буцсан. Шүүхийн хэрэг ийм маргаантай байхад гадны хоёр компани эд бараа шиг наймаа хийж болохгүй. Бидний өвөг дээдэс яах гэж халуун амь бүлээн цусаа үл хайрлан бидэнд энэ газар нутгийг үлдээсэн юм бэ. Монгол Улс тусгаар тогтнолоо ямар их үнээр олж авсныг эрх баригчдад мэдрүүлнэ. Манайхан 1 сая ам.доллартай ирээд 100 сая ам.доллартай буцахыг гадны хөрөнгө оруулалт, орон нутагт уурхай нээхийг ажлын байр гэж тайлбарлахаа болих хэрэгтэй" хэмээв.

Г.Өлзийхутаг

Холбоотой мэдээ