БНТУ-д ажиллаж буй иргэдийн нийгмийн баталгааг хангана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-11-07 14:20:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ) хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Засгийн газраас монгол иргэд олноор оршин сууж байгаа ОХУ, БНСУ, Унгар Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан ажиллаж байгаа юм. Сүүлжийн жилүүдэд БНТУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тоо өсөж байгаа тул тэдний нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх үүднээс уг хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг дурьдлаа. Мөн хуулийг соёрхон баталснаар БНТУ-д ажиллаж буй монгол иргэд тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэнэ гэдгийг онцолсон юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь хуулийн төслийг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ