Ургацын баяраа бөхчүүдийнхээ цолны мялаалгатай хамтатган хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-13 17:01:53

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Газар тариалангийн эх нутаг, үр тарианы өлгий Цагааннуурынхан 2018 оны “Ургацын баяр”-аа, энэ жилийн аймгийн баяр наадмын түрүү бөх аймгийн шинэхэн арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх, цолны мялаалга наадамтай хамтатган өчигдөр өргөн дэлгэр тэмдэглэлээ.

Энэ удаагийн ургацын баярын гол онцлог нь сумынхаа нийт тариаланч иргэд, аж ахуйн нэгжүүдийн хандиваар энэ жилийн аймгийн баяр наадмын түрүү бөх, аймгийн шинэхэн арслан Б.Орхонбаярт 15 сая, аймгийн начин цол хүртсэн Б.Очирхуягт 10 сая төгрөгийн мөнгөн шагнал олгож, ургацын баярын индэр дээрээс гардуулан өгсөн явдал юм. Энэ онд цаг агаар таагүй байсан ч Цагааннуурчууд нийт 37769 га-гаас 54088 тонн ургац хураан авсан амжилтыг үзүүлжээ.

Аймгийн арслан Б.Орхонбаярын тухайд Монгол үндэсний бөхийн эрхэм сайхан цол гуншиг ээлж дараалан хүртэж алдраа дуурсгаж, түмэн олон, бөхчүүдийнхээ дунд “Сэлэнгийн боохой Данзан” хэмээн хайрлагдан дуурсагдаж явсан алдарт бөхийнхөө тасраад байсан алдрыг 70 жилийн дараа авч ирсэн гавьяатай юм. Энэ ч утгаараа Цагааннуурчууд аймгийн арслантай болсон баярт мөчөө ийнхүү алтан шаргал буудайн хишигтэйгээ хамтад нь хуваалцжээ.

Энэхүү аймгийн баяр наадамд арслан, начин цол хүртсэн бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаанд нийт 64 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Улсын харцага Б.Одгэрэл түрүүлж, аймгийн арслан Н.Баярбаатар үзүүрлэсэн байна.

Баярын энэ үеэр өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдаж, шилдэг “ Сүү сүүн бүтээгдэхүүн”-ээр иргэн Д. Нарантуяа, шилдэг “Хүнсний ногооны бүтээгдэхүүн”-ээр иргэн Г.Үүрцайх, шилдэг “Модон эдлэл уран хийц”-ээр Ц.Бямбаа нар тус тус шалгарсан байна. 

Холбоотой мэдээ