Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах сайн үйлсийн аян өрнүүлэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-12-04 12:29:28

Завхан/МОНЦАМЭ/.Жил бүрийн 12-р сарын 3-ны өдөр тохиодог хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан хувь хүн болон байгууллага, аж ахуйн нэгжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах, сайн үйлсийн аян өрнүүлэхийг уриаллаа.

Завхан аймагт 3800 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд Улиастай хотод 720 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн оршин сууж байна. Үүнээс 30 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд Улиастай сумын ерөнхий боловсролын таван сургуульд суралцаж байгаа юм. Тиймээс эдгээр хүүхдүүдийг нийгэмшүүлэх, тэдэнд урам зориг өгөх дэмжлэг үзүүлэх зорилготой сайн үйлсийн аяныг аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын мэргэжилтэн В.Ариунжаргал зохион байгуулж байгаа ажээ. Энэхүү үйл ажиллагааг ДЗОУ-ын байгууллага, Жавхлант цогцолбор сургуулийн бага боловсролын багш Г.Ванчигмаа нар хамтран зохион байгуулж байгаа юм байна. Энэ үйл ажиллагаагаар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд аймгийн Орон нутгийг судлах музейг үзүүлж тэдний танин мэдэхүйг хөгжүүлэх, тэдэнтэй нээлттэй ярилцах, үе тэнгийнхэнтэйгээ хэрхэн харилцах талаарх  зөвлөгөө өгөх юм байна. Мөн тэдний гэр бүл эцэг эхчүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хэрхэн харилцах, хөгжүүлэх талаар нь санал солилцож тулгарч буй бэрхшээлүүдийг нь сонсож мэргэжлийн багш нар цаашид хамтран ажиллах юм байна. Сайн үйлсийн аянаар цугларсан хандиваар дээрх үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.


Анх 1989 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаар Хүүхдийн эрх, эрх чөлөөний тухай “Хүүхдийн эрхийн конвенц”-ийг баталсан бөгөөд түүнээс хойш гарсан олон улсын баримт бичиг, тунхаглалуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад боловсрол олгох, тэдний эрхийг хамгаалах, нийгэм хамт олон дунд нь нийгэмшүүлэх талаар онцлон заасан. Энэ конвенцид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бүрэн дүүрэн аз жаргалтай амьдрахын тулд дэмжлэг тусламж, халамж хэрэгтэйгээс гадна сурч боловсрох эрх эдлэх, дээд зэргээр өөртөө итгэх, улмаар нийгмийн интеграцчлалд тэгш эрхээр бүрэн ханган оролцуулах буюу оролцох эрхтэй гэж заасан байдаг. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд иог хамгийн зөв тайвшрал болдог гэв

Завханы  Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас жил бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон арга хэмжээг явуулдаг ажээ.

Үүний нэг нь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг амьдрах урлаг бясалгалын сургалтанд хамруулдаг үйл ажиллагаа юм. Бясалгалын сургалтанд аймгийн 24 сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцжээ. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах ухаан болон “Иог бясалгал”-ын талаар анхан шатны мэдлэг олж өөрийгөө удирдан жолоодож тайвшруулан зөв бодол санаа, сэдэл бий болгох чадварыг эзэмших аж. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгэмших, нийгмийн олон талт үйл ажиллагаанд оролцоход сэтгэл зүй хичээл зүтгэл, тэвчээр дутагдалтай байдгыг зохион байгуулагчид онцолсон бөгөөд энэхүү сургалт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үр өгөөжтэй сургалт болохыг хэллээ. Өнөөдрийн байдлаар аймгийн Ахмадын ордны иог, бясалгалын цуврал сургалтуудад давхардсан тоогоор 70 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд суралцжээ. 

Холбоотой мэдээ