Завхан аймаг Төрийн албаны тухай шинэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлээ сайн хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-12-06 22:10:06

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн төрийн албан хаагчид төрийн жинхэнэ албан хаагчдын шалгалтын дүн, байгууллагын урьдчилсан дүнгээр 86.4 хувийн үзүүлэлттэй дүгнүүлжээ.

Завханы 24 суманд төрийн албаны тухай шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын референт Ш.Цэцэг-Өлзийгөөр ахлуулсан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Завхан аймагт ажиллаад буцжээ. Энэ үеэр төрийн албан хаагчдын хууль эрх зүйн болон мэдээллийн технологийн суурь мэдлэгийн түвшинг тодорхойлох шалгалтыг цахимаар авч тухайн албан хаагчийн ажил хэргийн чадвар, ажлын гүйцэтгэл, ёс зүйн байдлыг хүн нэг бүрээр үнэлж дүгнэжээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 01 тоот албан даалгавар, “Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөлгөөний мөрөөр зохион байгуулсан ажил, байгууллага, нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт зэргийг шалгаж, байгууллага нэг бүрээр үнэлж, зөвлөмж өгсөн байна.


Төрийн албан хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтад Завхан аймгийн 24 сум, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 18 ажлын алба, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 13 агентлагийн 1000 гаруй төрийн албан хаагч хамрагджээ. Төрийн жинхэнэ албан хаагчдын шалгалтын дүн, байгууллагын урьдчилсан дүнгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 85.1 хувь, агентлаг 87 хувь, сумууд  87.2 хувь, аймгийн Засаг даргын Тамгын газар 93.4 хувь, дунджаар 86.4 хувийн үзүүлэлттэй дүгнэгджээ.


 Төрийн албан хаагчдаа чадавхижуулах тал дээр сайн ажилладаг юм байна гэв

Завханы 24 суманд ажилласан ажлын хэсгийнхэн Завхан аймаг төрийн ажлыг ард иргэдээрээ үнэлүүлдэг тогтолцоонд шилжиж  2018 оныг “Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарлаж тодорхой ажлуудыг зохион байгуулсан нь сайн ажил болжээ хэмээн онцлов.

Мөн ажлын хэсгийн ахлагч, Засгийн газрын референт Ш.Цэцэг-Өлзий: - “Хуулийн болон технологийн сорилын шалгалтад олон төрийн албан хаагч өндөр үнэлгээ авсан нь шалгалтад сайн бэлтгэснийг харуулж байна. Өөрөөр хэлбэл төрийн албаны тухай шинэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг сайн хангасан байгаа нь сайшаалтай” гэв. Цаашид Завхан аймаг төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг илүү боловсронгуй болгох, хариуцлагын тогтолцоо, цаг ашиглалт, архив, албан хэрэг хөтлөлтийг төрийн бүх албан хаагчдын түвшинд сайжруулах зэрэг хэд хэдэн асуудал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн төрийн албан хаагчдын баримтлах есөн зарчмыг боловсруулан мөрдөж, энгэрийн тэмдэг зүүж хэвшсэн, жилд хоёроос доошгүй удаа “Ард иргэдээ сонсох аян”-ыг зохион байгуулж тэдний санал бодлыг бодлого шийдвэртээ тусгадаг, төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг тогтмол хийдэг зэрэг олон үр дүнтэй ажил санаачлан хийж буйг нь ч сайшаав. Харин Завхан аймаг ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгавар, санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх тал дээр онцгойлон анхаарч, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс хамтран нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр болсон тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ