Уламжлалт мэдээллийн цаг сонирхолтой үйл явдлаар үргэлжилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-12 16:32:26

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГазар 7 хоног бүрийн даваа гарагийн өглөө 8.30 цагаас “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Эл “Мэдээллийн цаг” арга хэмжээг энэ удаа шинэлэг хэлбэрээр сонирхолтой үйл явдал дунд зохион байгуулжээ.

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын  ажилтан, албан хаагчид шинэ долоо хоногийн ажлын гараагаа номын өдөрлөгөөр эхлүүлсэн байна. Өдөрлөгийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын “Номын сан”-гийн номуудаас дэлгэн тавьж, картгүй ажилчдыг картжуулан, ажилтан, албан хаагчид өөрсдөдөө байгаа шинэ номоо авчирч харилцан солилцжээ. ЗДТГ-ын номын сан 2014 оноос үйл ажиллагаага эхэлсэн бөгөөд энд түүх, шинжлэх ухаан, танин мэдэхүй, улс төр, уран зохиолын ном бүтээл хадгалагдаж байгаа гэнэ. Тус номын санд Монгол Улсын Үндсэн хууль кирил монгол бичиг болон өөр долоон улсын хэл дээр хэвлэгдэн гарснаар хадгалагдаж байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн “Ааваасаа өвлөсөн мөрөөдөл”, “Их Британий Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдон ажилласан У.Черчиллийн “Би цус, хөдөлмөр, хөлснөөс өөр юу ч амлаж чадахгүй” зэрэг улс төрийн шилдэг илтгэлүүд, Монголын үндэсний нэвтэрхий толь, “Дэлхийн түүх”, 250-иад жилийн турш хуримтлагдсан мэдээлэл бүхий Britannica ширээний толь зэрэг танин мэдэхүйн номууд байна. Түүнчлэн Б.Итгэлийн “Стрессгүй амьдрах нууц”, Ш.Сандберг “Өөдөө тэмүүл”, “Дональд Трамп “Амьдрал бизнесдээ томоор сэтгэ. Эрчээ бүү сулруул” зэрэг хувь хүний хөгжил зориулсан бүтээлүүд, Монголын ард түмний оюун санааны үнэт өв болсон эртний болон орчин цагийн бүтээлийн дээжисийг багтаасан 108 боть зэрэг үнэ цэнэтэй ном бүтээл хадгалагдаж байгаа ажээ. Мөн албан хэрэгцээнд зориулсан хууль, тогтоомж, сэтгүүл ч энд байлаа. 

Холбоотой мэдээ