Их Британийн бяцхан ханхүүд Луис хэмээх нэр хайрлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2018-04-28 13:46:17
ЛОНДОН. /Синьхуа/. Их Британийн ханхүү Уильям, түүний гэргий Кэйт Миддлтон нар саяхан мэндэлсэн хүүдээ Луис Артур Чарльз хэмээх нэр өгсөн тухай Кенсингтоны ордон мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.

Кенсингтоны ордноос баасан гарагт гаргасан мэдэгдэлд “Кэмбрижийн гүн болон гүнгийн ахайтан хүүдээ Луис Артур Чарльз хэмээх нэр хайрласныг дуулгахад таатай байна. Бяцхан хүүг цаашид Кэмбрижийн ханхүү Луис хэмээн өргөмжлөх болно” гэжээ.

Уильям, Кэйт нар таван настай ханхүү Жорж,  гурван нас хүрэх гэж буй гүнж Шарлоттын дүүг буюу гурав дахь хүүхдээ энэ долоо хоногийн даваа гарагт өлгийдөн авсан билээ.

Дэлхийн II дайны үед цэргийн командлагч байсан, хатан хаан II Элизаветагийн нөхөр Филиппийн авга ах Лорд Луис Моунтбаттены дурсгалыг хүндэтгэн шинэ ханхүүд Луис хэмээх нэр өгсөн гэнэ.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ