С.Даариймаа: Орхон аймаг ямар үүлдрийн мал үржүүлэх талаар судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-06-04 16:28:00
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Энэ сарын нэгнээс “Малын генетик нөөцийн тухай” хууль мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн албаны дарга С.Даариймаатай ярилцлаа.
-“Малын генетик нөөцийн тухай” хуулийг энэ сараас мөрдөж эхэллээ. Уг хуулийн үзэл санаа юу вэ?
- Өмнө нь “Малын удмын сан, малын эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль байсныг салгаж  “Малын эрүүл мэндийн тухай” хууль, “Малын генетик нөөцийн  тухай” хууль болгосон. Үүний гол зорилго нь малын үржил, селекцийг сайжруулахад оршиж байгаа юм. “Малын генетик нөөцийн тухай” хуулийн гол зорилт нь таван хошуу мал болон тэжээвэр амьтдын генетик нөөцийг нь бүртгэх, төлөв байдлыг нь тодорхойлох юм. Жишээ нь Сэлэнгэ үүдэрийн үхрийн генетик нөөцийг хэрхэн хадгалах вэ гэдгийг уг хуулиар зохицуулсан гэсэн үг юм. Генетик нөөц, төлөв байдал, ашиг шимийг тодорхойлсноор цаашид ямар малыг үржүүлэх вэ, мах, сүү, ноос, ноолуурын чиглэлээр аль нь Монгол Улсын эдийн засагт ашигтай вэ гэдгийг тодорхойлно.
-Уг хуулийг хэрэгжүүлэхтэй  холбоотойгоор танай байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орох уу?
-Энэ талаар ХХААЯ-аас шийдвэр гарна. Одоогоор мэдээлэл алга байна. Гэхдээ урьдчилсан байдлаар аймгийн ХХААГ-т “Мал хөгжлийн алба” байгуулагдаж мал зүйчид ажиллахаар байгаа. Мал зүйчид нь технологи, малын үржил, селекци, малын тэжээлийн асуудлыг хариуцана. Манай байгууллага сумдын мал зүйчдийг удирдлагаар хангаж ажиллана.
-Малчид уг хуулийн дагуу ямар үүрэг, хариуцлагатай ажиллах вэ?
-Малчид малын удмаа сайжруулахын тулд хаа, хамаагүй, үүлдэр, омог нь батлагдаагүй малыг үржүүлэхгүй. Хэрэв үржүүлбэл “Зөрчлийн тухай хууль”-иар хариуцлага тооцуулахаар уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэгдэж байгаа. Иймд Засгийн газрын тогтоолоор аль аймагт ямар үүлдэрийн омог, хэвшлийн малыг үржүүлэх вэ гэдгийг тогтоож малчид, иргэдэд мэдээлнэ.
-Орхон аймагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлого баримталж байгаа. Энэ талаар ямар ажил хийж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 16 фермер байна. Үүнд сүүний чиглэлийн 564 үхэр байгаа. Мөн Баян-Өндөр суманд симментал, алатау үүлдрийн  мах сүүний чиглэлийн үхрийг үржүүлж байна. Харин хосолмол чиглэлийн цөөн үхэр бий. Хосолмол гэдэг нь мах, сүүний чиглэлийнх гэсэн үг. Ер нь эрчимжсэн мал аж ахуй гэхээр гахай,  тахиа, зөгийн аж ахуй бүгд орж байгаа.
-Манай аймагт ямар үүлдрийн малыг үржүүлдэг вэ?
-Монгол Улсын хэмжээнд 12 аймагт 45 үүлдэр, омог хэвшлийн мал үржүүлж байна. Архангай аймагт тамир, хотонт  Хөвсгөл аймагт дархад омог, эрчмийн хар гээд мах, ноолуурын чиглэлийн хонийг үржүүлж байна. Манай аймагт ийм омог, хэвшлийн мал байхгүй. Иймд хотожсон аймагт эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулж хөгжүүлэх төрийн бодлого хэрэгжиж байгаа. Дээр дурдсан 12 аймагт үржүүлж буй омог, үүлдэрийн малын генийг хамгаалахын тулд хээлтүүлэгч маланд хянан баталгаажуулах үзлэг, ангилалт хийж төрөөс төсөв баталж ажилладаг бол Орхон аймагт нэг ч төгрөг төсөвлөгддөггүй. Иймд манай аймаг малынхаа чанарыг сайжруулахын тулд Засаг даргын захирамжаар “Ажлын хэсэг” байгуулж өнгөрсөн сарын 15-аас нэг сарын хугацаатай хяналт, шалгалт хийж байна. Энд нийт мал сүргийн 770 гаруй хээлтүүлэгч мал болон 46000 гаруй малд үзлэг, хяналт, баталгаажуулалт хийхээр ажиллаж байна.
-Орхон аймагт бэлчээрийн даац 10 дахин их байгаа. Ийм тохиолдолд дээрх хуулийг хэрэгжүүлэхийн тулд бэлчээрийн үнэлгээ зайлшгүй чухал байх.  Орхон аймгийн бэлчээрийн үнэлгээний төлөв байдлыг хийх үү?
-Бид сүүлийн хоёр, гурван жил бэлчээрийн үнэлгээний төлөв байдлыг тодорхой  асуудлыг ярьж байна. Ийм судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэхэд 30-35 сая төгрөг шаардлагатай юм. Гэвч үүний зардлыг орон нутаг гаргаж чадахгүй байгаа. Орхон аймаг 39.4 мянга га бэлчээрийн талбайтай. Нэг га газрыг үнэлэхэд 800 мянга орчим төгрөг шаардлагатай юм.
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ