Хиагтын орон нутгийн судлах музей монголын түүхийн нэгэн гэрч болон үлджээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-19 11:05:24
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. ОХУ-ын Буриад улсын Хиагт хотын түүх Монгол Улсын түүхтэй салшгүй холбоотой юм. Тухайлбал ОХУ-ын Буриад улсын Хиагт хотын орон нутгийн судлах музейд XIX-XX зууны үеийн монголтой холбоотой үндэсний соёл, уламжлалын зүйлс хадгалагдаж байна.
Эднийх олон жилийн цуглуулгын хөдөлмөрийн үр дүнд бий болсон 125 мянга гаруй үзмэртэй. Эдгээр үзмэрүүд 16 танхимд байдаг бөгөөд тус музейг “Сибирийн эрмитаж” хэмээн нэрлэдэг гэнэ. Хиагт хот нь тухайн үедээ эдийн засаг, худалдаа наймааны том төв болж байжээ. Хиагт нь хил орчмын хот учраас алс холын хятад орноос гарсан тэмээн жингийн цуваа монголын тал нутгаар яваад дээр үед монголын нийслэл байсан Өргөө хотод зогсоод одоогийн Алтанбулаг буюу маймаачин хотоор дамжаад Хиагт хотод ирдэг байж. Олон чухал үйлдвэрүүд, худалдаа наймаа, мөн үүнийгээ дагаад олон ажилчдыг цалинжуулах, бусад гар урлалын зүйлүүд зэрэг зэрэг хөгжиж байжээ. Ер нь хиагтыг саятнуудын хот гэж нэрлэдэг байсан байна. Тухайлбал хиагтад 40  гаруй том худалдаачид ажиллаж амьдарч байсны 20 гаруй нь саятнууд байсан гэнэ. Тэд худалдаагаа Цайны замаар хийдэг байжээ. Энэхүү музейд хадгалагдаж байдаг түүхийн ховор, нандин, үнэт үзмэрүүдээс тэр бүр үзэгчдэд дэлгэн үзүүлээд байдаггүй юм байна. Харин саяхан болсон Эв модны наадмын үеэр зарим нэг монголтой холбогдолтой үзмэрүүдийг анх удаа бидэнд тайлбартайгаар үзүүлсэн юм.
Нэгэн үед монголчуудын өмч байсан эл зүйлс өнөөдөр хүнийх болчихсон байгааг гашуун ч гэсэн түүх гэрчлэн үлдээжээ.  
Хиагт хот бол монголын түүхтэй салшгүй холбоотой хот юм. Тухайлбал 1727 оны Хиагтын гэрээ, мөн 1915 оны гурван улсын Хиагтын гэрээг хил дээр байдаг Хиагтын хилийн комиссарын байранд хийж байсан гэнэ. Энэ мэт монголын түүхтэй холбоотой баримт энд байна.
Богд хааны гарын хээ энд хадгалагдаж байна
Хэзээ хэдийд ирсэнийг мэдэхгүй ч Хиагт хотын музейд Богд хааны гарын хээ хадгалагдаж байдаг байна. Гарынхаа хээг Богд хаан цаасан дээр биш даавуун дээр дарсан байдаг аж. Богд хаан гарын үсгээ дарахдаа магадгүй хийморийн дарцаг болгон хийж байсан даавуун дээр рашаанд гараа дүрээд дарж байсан байх гэж ярьдаг аж.  Тус музейн эрхлэгч Р.И.Никалаевна хэлэхдээ “Орос монголын найрамдалт харилцааны хүрээнд өнөөдөр болж байгаа эв модны наадмын хүрээнд монголчуудад энэхүү үзмэрийг анх удаа дэлгэн үзүүллээ. Манай музейд олон олон ийм ховор нандин үзмэрүүд хадгалагддаг. Тэр бүхэнтэй хамт нэгэн адил бид байгаа байдлаар нь удаан хадгалахыг хичээдэг” хэмээн хэлсэн юм.
Хиагтын төвд жинжин Д.Сүхбаатарын гэр музей бий
ОХУ-ын Буриад улсын Хиагт хотын орон нутгийн судлах музейн харьяанд их жанжин Д.Сүхбаатарын нууцаар байрлаж байсан гэр музей байдаг байна. Цэвэр цэмцгэр сайхан орчинд түүний нэгэн үеийн нуугдмал амьдралын түүх хадгалагдан үлджээ. Тэнд хэнч байхгүй. Зөвхөн залуу сайхан, зоригтой, эрэмгий монгол хүүгээ хүлээсээр нам гүн орчинд нэгэн түүх өгүүлсэн цэнхэр модон байшин оршино.
Ерөөгийн ард түмний дунд нэрээ мөнхжүүлсэн Карниковагийн тухай
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Карниковын талбай гэж нэрлэгдсэн газар байдаг. Энэхүү нэрээр нь нэрлэгдсэн түүхэн хүний хөрөг тус музейд байв. Энэ Карникова гэдэг эмэгтэй бол 20-р зууны үед Ерөөгийн алтны компанид ажиллаж байжээ. Энэ хүн монгол хэлээр маш сайн ярьдаг. Маш олон монголчуудтай найзалдаг. Хятадуудын дээрэмчдээс монголчуудыг хамгаалж  өөрийнхөө гэр оронд хүртэл орогнуулж байсан гэнэ. Монголчууд түүнийг багшаа гэж хүндэлдэг байжээ. Тэрээр монголчуудын тухай, монголын ахуй амьдрал, зан заншилыг маш сайн мэддэг учраас Хиагтад ирж эрдэм шинжилгээний хуралд оролцож монголын тухай олон орны эрдэмтэдтэй ярьдаг байжээ. Тухайн үед хүмүүс монголын шашны түүхэн зүйлийг Карниковад өргөн барьж байсан байна. Түүнд хадгалагдаж байсан түүхэн зүйлсийн хамт түүний хөрөг зураг энэ музейд хадгалж байв. 
Хиагт хотноо байрлах дэлхийд ганцхан олон улсын найрамдлын музей монголын түүхийг бидэнд хэлж байна
Хэдхэн хоногийн өмнө Хиагт хотод орос монголын найрамдалт харилцааны билэг тэмдэг болсон “Эв модны наадам” болсон. Энэ үеэр ОХУ-ын Хиагт хотноо байрлах дэлхийд ганцхан олон улсын найрамдлын музейг үзэж сонирхох завшаан бидэнд тохиосон юм. Одоо музей байрлаж байгаа энэ байшинд 1921 онд МАХН-ын анхны хурал хуралджээ.
Тус музейн эрхлэгч “Үүгээр орж гарч яваа монголчууд энд орж ирж үздэггүй. Энгийн хүмүүс ч намынхан ч тэр аль аль нь үздэггүй” хэмээн хэлсэн юм. Энэ хүний хэлсэн зүйлийг эргэцүүлэн бодоход монголчууд түүхэндээ өөрсдийнхөө соёлын зүйлд маш бага анхаарал тавьж байсны баталгаа өнөөдөр үүгээр харагдаж байгаа болов уу гэж. Иймээс бидний цөөхөн монголчууд өөрсдийнхөө түүх соёл, уламжлалтай холбоотой зүйлд сэтгэл гаргаж, анхаарах цаг болжээ.
Монголтой холбоотой хилийн гадна байгаа түүхээ үзэж харж, судалж байх нь бидний хойч үед үлдэх мэдээлэл зөв үлдэх болов уу.
Энэ музей бол 1700 он буюу 200-300 гаруй жилийн өмнөх, 20-р зууны үеийн үйл амьдралыг бидэнд алган дээр байгаа юм шиг хэлээд өгөх ажээ. Үнэндээ нууцгүй хэлэхэд бид ч гэсэн энэ талаар мэдээгүй, мэддэггүй байсан байна ш дээ. Энэ байдлыг олж харсан Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил овсгоо гарган монголынхоо үнэн түүхийг хадгалан үлдсэн хилийн гадна байгаа энэ музейг сэргээн засварлах үйлсэд 1000 ам.долларын хандив өгсөн юм. Үүнд монголчууд бидний хувь нэмэр үгүйлэгдэх байх аа. гэт  нэмэх л хэрэгтэй. Гэтэл бид бүгд мэдэх хил дээр орших сүмээ өөд татаж, сэргээх үйлсэд ОХУ-ын засгийн газраас 92 сая рубль хандивлаж байх жишээтэй. Аливаа улс орны түүхийн үнэт зүйл гэдэг бол агуу их үнэтэй баримт гэдгийг эндээс харлаа. 
Энэ найрамдлын музейд 19-р зууны үеийн монголын шашны эд зүйлс хадгалагддаг. Эднийх 1971 онд байгуулагдсан гэнэ. Монгол-Оросын найрамдлын музей нэртэй бөгөөд МАН-ын анхдугаар их хурал хуралдсан байшин юм.
Ардын намын анхдугаар хурал хуралдсан заал
1920 оны эхээр энэ байшин алс дорнодын БНУ-ын элчин сайдын байр байжээ. Ингээд 1921 оны 3-р сарын 1-нд МАН-ын анхдугаар их хурал хуралдаж, эхний өдөр 16, дараагийн өдөр 26 хүн оролцож хуралдсан байдаг аж. Энэ ширээ сандал бол тухайн үеийн 1921 оны 3-р сарын байдлаар байсан хэвээрээ байгаа гэнэ. 1921 оны түр засгийн газар байгуулсан гэрээг монгол орос хэлээр, 1921 оны орос монголын хооронд байгуулсан хэлэлцээрийг бас тавьсан байна.


1920 онд Эрхүүд очсон монголын төлөөлөгчдийн зураг байна. Мөн монголд сууж байсан оросын консулын зураг. Хиагтын Сүхбаатарын гэр музей гэдэг ном бичсэн.
Монгол бичгээр бол МАН-ын мөрдвөөс зохих уг үндэсний дүрэм оршвой гэсэн  анхны Ардын намын дүрэм байна.

1921 оны 3-р сарын 18-ны өдөр оросын улаан армийнхан монголын журамт цэргүүдтэй хамтраад Маймаачин хотод байсан маш олон хятад цэргүүдийг хөөж ялалт байгуулсан зураг. Дондог гэдэг зураач зурж монголоос бэлэглэжээ. 
Хиагт хотыг Сүхбаатарын одонгоор шагнасан
1973 оны 7-р сарын 3-нд БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар. Гадаадын улс орнуудаас анх удаа Сүхбаатарын одонгоор шагнадсан хот бол Хиагт юм.

1921 онд хэвлэгдэн гарч байсан монголын анхны сонин. Үнэн сонин.
Монголчууд бидний түүхийн гэрч болсон үнэт эд зүйлс хилийн цаана хадгалагдаж байна. Ирээдүй хойч үе минь мэдэхгүй үлдэх вий дээ. Итгэл хамбын аялалд явах зуураа замдаа нэг буугаад мордоорой. Бид түүхээ мартаж болохгүй. Хойч ирээдүйдээ хэлж өгөөрэй.
Ч.Отгонцэцэг