Үндсэн хуулийн цэц Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-02 13:58:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан маргааш болж Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ.

Иргэн П.Оюунчимэг Үндсэн хуулийн цэцэд хандаж, “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3 дахь заалтын зохицуулалт нь өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан, Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилснаас бусад хуульчдын Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан албан тушаалд өрсөлдөх эрхийг хязгаарласан” хэмээн үзжээ. Тэрбээр уг заалт нь Үндсэн Хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор өргөдөл гаргажээ. Үндсэн Хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно” хэмээн заасан юм.
 
Ч.Ариунболд
相关新闻