“Юбийн кофе хаус” ХХК-ийн оруулж ирсэн кофений буурцагнаас мөөгөнцөр илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-08 17:36:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монголын Гаалийн хяналтын бүсээр  “Юбийн кофе хаус” ХХК-ийн Хонконг улсын “Golden future trading” компаниас импортолсон “Brazil green arabica”, “Indonesia green arabica” гэсэн нэр төрлийн, 475 кг кофений буурцагны чанар, аюулгүй байдалд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн долоо хоногт шалгалт хийжээ.

Кофений буурцаг тус бүрээс дээж авч, ургамлын хорио цээрийн болон хор судлалын лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Хор судлалын шинжилгээгээр нийлбэр афлатоксин “Brazil green arabica” кофений буурцаг нь стандартын шаардлагаас 6 дахин их, “Indonesia green arabica” кофе нь 9 дахин их байсан ба загвар дээжийн давтан шинжилгээгээр нийлбэр афлатоксин 43.80 мкг/кг, 76.16 мкг/кг байсан нь стандартын шаардлагаас 10-19 дахин их гарчээ. Энэ нь Монгол Улсын стандарт “Хүн, малын тэжээл дэх микотоксиний үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 6361:2012 стандартын шаардлагыг  хангахгүй  гэсэн дүгнэлт гарсан байна.

Шинжилгээний дүнгээр дээрх хоёр нэрийн кофений буурцаг нь холбогдох хууль, заалтыг зөрчиж байгаа тул 389.6 кг, 7.361.350 төгрөгийн кофений буурцгийг “Захиргааны журмаар эд зүйл хураах, устгах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах” журмын дагуу нийслэлийн орон тооны бус зөвлөлд албан бичгээр шилжүүлээд байгаа аж.

Афлатоксин нь хөгц мөөгөнцрөөс ялгардаг, бодисын солилцооны хоёрдогч химийн бүтээгдэхүүн юм байна. Байгальд өргөн тархсан бөгөөд ургац хураахын өмнөх үед талбай дахь ургац бохирдуулахаас гадна ургац хураасны дараа хадгалалтын явцад хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулдаг аж. Энэ нь хүнсний бүтээгдэхүүнийг чийглэг ихтэй халуун нөхцөлд зориулалтын бус саванд хугацаа хэтрүүлэн хадгалах, шавж мэрэгчид өртөх зэрэг олон хүчин зүйлс нь хүнсний бүтээгдэхүүн хөгцөрч муудахад нөлөөлдөг байна. Улмаар  хүнсэнд үүссэн эмгэг төрөгч, хөгц мөөгөнцрөөс хор ялгаруулдаг гэж НСХГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан
相关新闻