Айлын нохойноос "галзуу" өвчин илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2017-06-20 17:47:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангай, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн зарим сумдад мал, амьтны гоц халдварт "боом" болон "галзуу" өвчин гарчээ. 

ОБЕГ-аас ирүүлсэн мэдээллээр Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Баянгол багийн “Цуурайн-Ам” гэдэг газар малчин Б-гийн 24 үхэр мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Улмаар өвчилсөн малаас дээж авч, аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь тогтоогджээ. 

Мөн Завхан аймгийн Тэлмэн сум, Өгөөмөр багийн “Бор толгой” гэдэг газарт Улаанбаатар хотын иргэн Г-ийн авчирсан малнаас "шүлхий" өвчин илэрчээ. Тэрбээр Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумдаас мал авчирсан байна.

Архангай аймгийн Жаргалант сум, Хоолт багийн “Шонт” гэдэг газар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум, Баяннуур багийн “Мэндийн хөтөл” гэдэг газар хониноос "галзуу" өвчин илэрсэн бол Өвөрхангай аймгийн Хархорин сум, Шанх багийн “Цамын булаг” гэдэг газар айлын хотноос "галзуу" өвчнөөр өвчилсөн үнэг үхсэн байдалтай олджээ.

Харин Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум, Өлзийт хошуу багт малчин Б-гийн нохойноос “галзуу” өвчин илэрч, устгал хийсэн байна.  
Н.Туяа
相关新闻