Иргэдийг сайн дураар түймрийн голомт руу явахгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2017-07-16 09:30:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойн түймрийн утаа Улаанбаатар хотод орж ирсэн, түймрийн нөхцөл байдал хүндхэн байгаа тухай мэдээлэл сонссон иргэд урьд шөнөөс эхлэн фэйсбүүкт “Гал сөнөөгчдөд туслах групп”-ыг байгуулан хандивын ажил зохион байгуулж, залуусыг сайн дураар гал түймэр унтраах ажилд нь уриалсан нь олныг хамраад байна.

Түүнчлэн 100 шахам залуус өчигдөр Д.Сүхбаатарын талбайд цуглаж, Батсүмбэр рүү явахаар болсон.
Тиймээс Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү тэргүүтэй албаны хүмүүс “Гал сөнөөгчдөд туслах групп” болон “Нэг Монгол” ТББ-ын төлөөллөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын зүгээс гал түймэр унтрааж буй алба хаагчдад хэрэгтэй зүйлсээр туслах, цуглуулсан хандиваа хэрэгтэй газар нь хүргэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Харин гал түймэр унтраахаар иргэд сайн дураар явахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зайлшгүй явах тохиолдолд мэргэжлийн нэг өдрийн сургалтад хамарч, эрүүл мэндээр тэнцэх эсэхээ заавал шалгуулах, мэргэжлийн хүмүүсийн зааварчилгааны дагуу ажиллах ёстойг анхаарууллаа.
Төр иргэнээ хамгаалах ёстой. Тийм учраас иргэдийн энэ эх орноо гэсэн сайхан санаачилгыг талархан хүлээж авч байгаа хэдий ч түймрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа ийм нөхцөлд мэргэжлийн бус хүмүүсийг ойн түймэрт явуулж болохгүй. Иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалах ёстой гэсэн байр суурийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас баримталж байгаа юм.

Гэсэн ч “Гал сөнөөгчдөд туслах групп”-ын төлөөллүүд сайн дураар явна гээд хамаг юмаа бэлтгээд ирсэн хүмүүсийг тараах хэцүү байгаа тул мэргэжлийн арга зүйн зөвлөгөө, удирдлагаар хангаж өгөхийг хүсэв. Мөн түймрийн голомт руу оролгүй, боломжит газар хүртэл ус зөөх, хоол унд хийж хүргэж өгөх гэх мэтээр ажиллах нөхцөл боломжийг гаргаж өгөхийг хүслээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
相关新闻