Жилийн өмнө сураггүй болсон эмэгтэйн цогцсыг олжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.Орхон аймагт өнгөрсөн оны аравдугаар сарын дунд үеэс удаа дараалан үйлдэгдсэн хүн амины хэрэг, сураггүй алга болсон хэргийн хохирогчид нь эмэгтэйчүүд байна гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээ сайтуудад тавигдах болсон. Тухайн үед буюу өнгөрсөн нэгдүгээр сарын үед нийгмийн сүлжээнд цацагдсан дээрх мэдээлэлд Орхон аймгийн Цагдаагийн газар албан ёсны тайлбар хийж байв. Тодруулбал, Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Энхбаяр хэлэхдээ “Орхон аймгийн Цагдаагийн газарт сураггүй алга болсон долоон иргэнтэй холбоотой мэдээлэл ирсэн байна. Тэдний зургааг нь эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Одоогоор нэг эмэгтэй олдоогүй, эрэн сурвалжлах үйл ажиллагаа үргэлжилж байгаа" хэмээж байв. Сураггүй алга болсон нэг эмэгтэйн цогцос саяхан олджээ. 42 настай М гэх эмэгтэйн цогцос Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрээс олджээ. Түүний хөл, гарыг хүлээд онц хэрцгийгээр хөнөөн, Булган аймгийн нутаг дэвсгэрт байх Эрдэнэт хотын мэдлийн шугамын худагт нуусан байжээ. "Эрдэнэт үйлдвэр"-ийн ажилчид улирал бүр дулааны шугам бүхий худгаа шалгах үеэрээ эмэгтэйн цогцсыг олжээ. Шүүхийн шинжилгээний газраас хийсэн шинжилгээрээр талийгаачийн гавлын яс хэд хэдэн газар цөмөрсөн байв. Мөн талийгаач гурилын ченж хийдэг, нөхөр, хүүхэдгүй, ганц бие байжээ. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард Эрдэнэт хотын нэгэн баарнаас гараад, таксинд суун гэрийнхээ гадна бууснаас хойш сураггүй алга болжээ. Одоо хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
Ж.Батсайхан