Ял эдэлж буй иргэдийн дийлэнх нь хар тамхитай холбоотой гэмт хэрэг үйлджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
dogsom@montsame.mn
2017-10-02 13:30:46
Бээжин /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд манай иргэд БНХАУ-д гэмт хэрэгт холбогдох нь ихсэж байна.
Тодруулбал сүүлийн гурван жилийн байдлаар Монгол Улсын 524 иргэн БНХАУ-д гэмт хэрэгт холбогджээ. Эдгээрээс дийлэнх хувийг хулгайн хэрэг /84%/ эзэлж байгаа бол хүн амины хэрэг, хилээр хязгаарлаж хориглосон бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, хар тамхи хэрэглэх, тээвэрлэх, хууль бусаар оршин суух, биеэ үнэлэх, хууль бусаар хил нэвтрэхийг завдах зэрэг хэргүүд гарах болжээ.
Мөн тухайн газар нутгийн онцлогоос хамаарч гэмт хэргийн эзлэх хувь харилцан адилгүй байдаг байна. Жишээлбэл, Бээжин, ХонгКонг, Шанхай, Шинжинь зэрэг хүн ам төвлөрсөн хөгжил сайтай хотуудад хулгайн хэрэг дийлэнх хувийг эзэлдэг бол хил дагуу байрладаг газрууд болох Эрээн, Хөх хот зэрэг Консулын тойргуудад хамаарах газар нутгуудад хилээр хязгаарласан хориглосон бараа нэвтрүүлсэн, хар тамхитай холбоотой хэргүүд голчлон гардаг байна.
2016 оны байдлаар БНХАУ-д ял эдэлж буй Монгол улсын  72 иргэн байгаагаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конг, Макаод ял эдэлж буй 24 иргэн байна. Ял эдэлж буй иргэдийн дийлэнх нь хар тамхитай холбоотой гэмт хэрэг үйлджээ.
Түүнчлэн манай иргэд визний хугацаа хэтрүүлэх, өөрийн паспорт бичиг баримтыг анхаарал болгоомжгүй байдлаасаа болж хаяж гээх, барьцаанд тавих, хайхрамжгүй үйлдлээсээ болж үрэгдүүлэх, хилээр заасан хэмжээнээс /20000 юань/ их бэлэн мөнгийг мэдүүлэлгүй оруулах зэрэг хууль бус үйлдэл гаргах нь элбэг тохиолддог. БНХАУ-ын хуулиар хугацаа хэтэрсэн хоног бүрт 500 юанийн торгууль ногдуулдаг.Бичиг баримтаа үрэгдүүлсэн тохиолдолд заавал буцах виз авах ёстой ба дор хаяж ажлын 5 өдрийн хугацаа шаардагддаг. Дээр нь санамсаргүй байдлаар гэмт хэргийн золиос болж гэмт хэрэгт татагдан орох явдал тасрахгүй байгаа зэрэг нь иргэдийн хууль эрх зүйн наад захын мэдлэг дутмаг, хайхрамж болгоомжгүй байдалтай холбоотой. Иймд дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдэвт сурталчилгаа, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тогтмол явуулж байх шаардлагатай байна хэмээн Монгол Улсаас БНХАУ дахь ЭСЯ-ны Консулын газраас анхааруулж байна.
Эцэст нь дүгнэж хэлэхэд, бид амьдарч, зорчиж, арч буй улсынхаа хуулийн наад захын мэдлэгийг судлаж, хүний нутагт анхаарал болгоомжтой биеэ авч явахгүй бол нэгэнт гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг нь болох буй за.
 Эх сурвалж: МУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ
сурважлагч Б.Анхбаяр
相关新闻