Самбочид тивийн АШТ-ээс дөрвөн алтан медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТСамбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг тамирчдаас залуучуудын гурав болон өсвөрийн үеийн нэг аварга тамирчин төрсөн байна.
Казахстаны Атырау хотноо энэ сарын 11-13-нд болсон энэ удаагийн тэмцээнд 26 орны 458 тамирчин өрсөлдлөө. Насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үеийн ангиллаар болсон бөгөөд Монгол Улсаас 10 тамирчин оролцож бүгдээрээ медалийн эзэд болжээ. Охидын 52 кг-д Б.Хорлоодой, залуучуудын эмэгтэй 48 кг-д Б.Бадмаа, залуучуудын 57 кг-д П.Алтанбагана, Б.Самбууням нар Азийн аварга цол хүртэж, охид болон залуучуудын насны ангилалдаа Монгол Улсын баг тус бүр III байрт шалгарчээ.
Мөн охидын +75 кг-д О.Энхчимэг мөнгө, хөвгүүдийн 52 кг-д Л.Өнөболд хүрэл, залуучуудын 48 кг-д Ч.Мягмаржав хүрэл, 52 кг-д Э.Гантогтох хүрэл, насанд хүрэгчдийн 57 кг-д Г.Мөнхбат мөнгө, байлдааны самбо бөхийн 57 кг-д Э.Эрдэнэсүх мөнгөн медаль тус тус хүртжээ.
Тус тэмцээний шилдэг шүүгчээр олон улсын шүүгч, Сонгинохайрхан дүүргийн БТСГ-ын дасгалжуулагч Б.Хаштогтох шалгарсан байна.
Д.Өлзий