"Шарли эбдо" халдлагад өртөгсдөд 4 сая евро хандивлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-17 14:24:24

ПАРИС. /TASS/. Францын долоо хоног тутмын "Шарли эбдо" шог сэтгүүл энэ оны нэгдүгээр сард Парис хотод үйлдсэн цуврал халдлагад өртөгсдөд 4 сая евро хандивлана.

Тус сэтгүүлийн редакц энэ мөнгийг дэлхийн 84 орноос хандивын хувиар цуглуулсан бөгөөд Францын Засгийн газарт шилжүүлэн өгөх аж. Хандивын мөнгийг чухам юунд зарцуулахыг тусгай хороо шийднэ.

Энэ оны нэгдүгээр сард араб гаралтай Францын хоёр иргэн зөнч Мухаммедын шог зургийг нийтэлсэн "Шарли эбдо"-гийн редакцад халдсан билээ. Халдлагын улмаас 12 хүн амиа алдсаны 10 нь тус сэтгүүлийн ажилтнууд байсан бол хоёр нь барилгыг хамгаалж байсан цагдаа нар байсан бөгөөд 11 хүн шархаджээ.

Гэмт этгээдүүдийг орон даяар эрэн сурвалжилж, нэгдүгээр сарын 9-нд Парис хотоос хойш 60 км-ын зайтай газар нуугдаж байсныг илрүүлж, тусгай ажиллагаа явуулан устгасан билээ.

Д.Жаргал

 

 

Related news