850 орчим оргодол авлигачийг Хятадын талд шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-17 15:01:05

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадад авлигатай тэмцэх “Тэнгэрийн сүлжээ” кампанит ажлыг эхлүүлснээс хойш хилийн чанадад зугтан гарсан 850 орчим авлигачийг тус улсад албадан шилжүүлсэн эсвэл сайн дураараа эх орондоо эргэн иржээ. Энэ тухай Хятадын Авлигатай тэмцэх газрын орлогч дарга, Хятадын Коммунист намын Төв хорооны оргодол авлигачдыг баривчлах хэрэг эрхэлсэн зохицуулах бүлгийн дарга Лю Зяньчао мэдээлсэн байна.

“Хятадад “Тэнгэрийн сүлжээ” кампанит ажлыг эхлүүлснээс хойш 850 орчим оргодол түшмэл эх орондоо буцаж ирсэн. Тэдний 150 гаруй нь өөрсдийнх хашиж байсан албан тушаалтай холбоотой гэмт хэргийг үйлдсэн” гэж тэрбээр мэдээлжээ.

Түүний хэлснээр, Хятадад буцаж ирсэн сэжигтнүүдийн 40 гаруй хувийг нь тус улсад албадан шилжүүлсэн байна. Мөн ийм тооны хүмүүс сайн дураараа нутагтаа ирсэн бол үлдсэн нь “зарим болзолтойгоор” эргэж ирсэн байна.

Хятадын эрх баригчид  хилийн чанадад зугтан гарсан авлигач түшмэдийг болон Коммунист намын гишүүдийг баривчлах кампанит ажлыг энэ оны дөрөвдүгээр сард “Тэнгэрийн сүлжээ” нэртэйгээр эхлүүлжээ.

Д.Жаргал

 

Related news