Шигшээ багийнхан “Mizuno” брэндийн хувцастай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-07 10:28:52

Өчигдөр Спортын төв ордны хурлын танхимд, Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт Биеийн тамир спортын хөгжлийн төвөөс “Mizuno” брэндийн шинэ хувцас гардуулах ёслол боллоо.

Монгол Улсын үндэсний шигшээ багт жүдо, бокс, чөлөөт бөх, хөнгөн атлетик, байт харваа зэрэг 17 спортын төрлийн тамирчин дасгалжуулагчид хамргаддаг байна. Энэ тамирчдаас шинэ оны өмнө “Рио-2016” олимпийн наадмыг зорих 16 эрхийг өвөртлөөд байгаа юм. Энэ жил Риогийн олимпийн эрх авах хариуцлагатай цаг ирээд байгаа бөгөөд тэд бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж эхэлжээ. Мөн энэ үеэр Үндэсний шигшээ багийн алба англи хэлний “Talk Talk english” төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.

Англи хэлний “Talk talk english” сургалтын төвийн захирал /Монголын ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/ Ч.Амарсанаа “2016 он бол олимпийн жил. Иймд манай баг тамирчдыг гадаадын чухал тэмцээн, уралдаан хүлээж байна. ”Talk talk english” боловсролын төв Биеийн тамир, спортын хөгжлийн төвөөрөө дамжуулаад Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нартай хамтран ажиллах боломжтой болж байна. Манай сургалтын төвөөс эх орныхоо нэр хүндийг дэлхийн спортын талбарт гаргаж байгаа спортын шилдэг тамирчид болон өсвөр, залуучуудын залгамж халаа болсон тамирчдын англи хэлний мэдлэгийн санг дээшлүүлэхэд анхааран ажиллах болно. Мөн дэлхийн спортын талбарт өндөр амжилт гаргаад зогсохгүй англи хэлтэй болж, дэлхийн олон орны найз нөхөдтэй болохыг нийт тамирчид, дасгалжуулагч нарт хүсье. Бидний хувьд тамирчдынхаа англи хэлний мэдлэгийг сайжруулахад анхаарч 100 хувь хүртэл хөнгөлөлтийг олгож байгаа. Монголын баг тамирчид “Рио-2016” олимпийн олон эрх авна гэдэгт итгэж байна. Баг тамирчид, дасгалжуулагч нартаа “Рио”-гийн олимпийн наадамд амжилттай оролцохын зэрэгцээ англи хэл сурах их үйлсэд амжилт хүсэн ерөөе.” хэмээн онцлов.

Д.Өлзий

Related news