1000 тэмээний уралдааныг Гиннест бүртгүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-02-18 12:19:00

“Түмэн тэмээ-Тэмээн аяллын холбоо”-ны санаачилгаар жил бүр уламжлал болгон зохиодог “Тэмээний баяр” өвлийн наадам ирэх сарын 6,7-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болно.

Энэ жилийн хувьд “Монгол тэмээ-999” өвлийн наадам болгон өргөтгөж хоёр бөхт тэмээний уралдааныг дэлхийн дээд амжилт Гиннесийн номонд бүртгүүлэхээр мянган тэмээ уралдуулах юм. Уралдаанд тус амйгийн тус аймгийн 15 сумаас гадна бусад тэмээчид урилгаар оролцох аж.

Ийнхүү 19 дахь жилдээ болох гэж буй тус наадмыг  МЗХ хоёрдахь жилдээ хамтран зохион байгуулна.

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Аялал жуулчлалын хөгжлийн төв нь Говийн хаан хэмээн нэрлэгддэг тэмээний ач тус болоод нүүдэлчин Монголчуудын соёл уламжлалыг залуучууддаа таниулах зорилгоор энэхүү наадмын сонирхолтой аяллыг залуустаа бэлджээ. Энэхүү аялал нь Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад гэсэн  маршрутаар нийт 1000 орчим км аялах бөгөөд замдаа аймаг бүрийн  түүхийн дурсгалт газруудыг үзэж сонирхох юм байна.

Аяллын хөтөлбөрт Торомны уралдаан, Тэмээний музей үзэх, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах, орон нутгийн иргэдийн гар урлалын зүйл, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа үзэж  сонирхох зэрэг сонирхолтой арга хэмжээ багтжээ. 

Дашрамд дуулгахад, уг наадмыг зохион байгуулагчид нь хэвлэл мэдээллийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор маргааш хэвлэлийн бага хурал зарлалаа.

Ж.Болор

Related news