Хяналтын камераар 233 зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-18 18:00:21

Хэнтий аймаг дах Цагдаагийн газраас автозамын уулзваруудад байрлуулсан камераар хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 233 зөрчлийг тээврийн хэрэгслийн дугаар, маркаар илрүүлж зөрчил гаргагчид захиргааны арга хэмжээ авчээ.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ аюулгүй амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Чингис хотын гудамж талбай, олон нийтийн газар, автозамын уулзваруудад суурилуулсан 43 ширхэг хяналтын камерын серверийн өрөөг Цагдаагийн газрын шуурхай удирдлагын албаны дэргэд байгуулжээ.

Энэхүү ажилд томилогдсон алба хаагчид өдөр бүр байнгын хяналт тавин ажиллаж байгаа нь гудамж талбайд архидан согтуурах, танхайрах, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчил, хулгайлах гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд үр дүнгээ өгч эхэллээ. Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээний төвүүдийг телекамерын хяналтанд авах” тухай 06 дугаар тогтоолыг хэрэгжүүлснээр Чингис хотын нутаг дэвсгэрийн 278 аж ахуйн нэгж, байгууллага дотор, гадна орчноо камержуулсан байна.

О.Буянхишиг

 

Related news