Ирэх сард боксчид олимпийн эрхийн төлөө хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-19 16:03:01

Манай боксын шигшээ баг тамирчдын хувьд ирэх сарын 23-нд урд хөршийн Тян Шанд хотноо“Рио -2016” олимпийн эрх авах эхний тэмцээн болно.

Тус тэмцээнд манай орноос улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчид оролцох бөгөөд эрэгтэй 9, эмэгтэй 3 жинд нийт 12 тамирчин өрсөлдөнө. Тухайлбал, эрэгтэй 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ 52 кг-д ОУХМ Х.Энх-Амар 56 кг-д ОУХМ Э.Цэндбаатар 60 кг-д Ази тив болон Азийн наадмийн аварга ОУХМ Д.Отгондалай 64 кг-д ОУХМ Б.Чинзориг 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат 75 кг-д ОУХМ Н.Шинэбаяр 81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр 91 кг-д Д.Ерболот оролцож байгаа бол эмэгтэй 51 кг-д ОУХМ М.Нандинцэцэг 60 кг-д ОУХМ О.Сувд-Эрдэнэ 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар улсаа төлөөлөн хүч, ур чадвараа сорино.

Тус тэмцээний эрэгтэй алт, мөнгөн медаль хүртвэл шууд эрхээ авч байгаа бол хүрэл медаль хүртсэн хоёр тамирчин хоорондоо өрсөлдөж ялсан нь олимпод оролцох эрхээ авна. Харин эмэгтэй жин тус бүрээс алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид  Риог зорих тийзээ өвөртлөнө.

Эмэгтэйчүүдийн хоёр дахь эрхийн тэмцээн Казахстаны нийслэл Астанад болох ДАШТ бөгөөд уг тэмцээнд эхний гурван байрт  шалгарсан тамирчид олимпийн наадамд оролцоно.

Сүүлийн эрх авах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо зургадугаар сарын 14-26-нд болох бөгөөд дэлхийн бүх эрх аваагүй улсууд оролцоно. Эхний таван байрт  шалгарсан тамирчид олимпийн эрхээ авснаар Рио-де-Жанейро хотод болох олимпийн наадмын боксын төрөлд оролцох тамирчид тодрох юм.

Д.Өлзий 

Related news