“Ахмад мастерс лиг”-ийн анхдугаар тэмцээн эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-07 13:53:56

Монголын сагсан бөмбөгийн холбооноос “Ахмад мастерс лиг”-ийн анхдугаар тэмцээнийг зохион байгуулж байна.

Тус холбоо нь Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байсан бүхий л ахмад сагсан бөмбөгчдийн дунд тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой. Тэмцээний зорилго нь ахмад мастеруудаа алдаршуулж, улмаар тэдний туршлагыг залуу үедээ өвлүүлэх, мөн ахмадын сагсан бөмбөгийн тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцох шигшээ баг бүрдүүлэх зорилготой юм.

Тэмцээнийг Монголын спорт сонирхогч мастеруудын холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбооны ахмадын зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд эрэгтэй 35-39, 40-44, 45-49, 50-54, 55-60, 61-с дээш гэсэн 6 насны ангиллаар, эмэгтэйчүүд 35-39, 40-44, 45-50, 51-с дээш гэсэн 4 насны ангиллаар болж шилдгүүдээ тодруулна.

“Ахмад мастерс лиг” анхдугаар тэмцээнд нийт 60 багийн 600 орчим мастерууд оролцож байгаа нь тэмцээн ямар өргөн хүрээнд болж буйг илтгэнэ. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 3 сарын 5-нд буюу өнгөрсөн хагас сайн өдөр Спортын төв ордонд болж, ахмад мастерууд тун идэвхитэй, бүрэн хувцастай, одон медалиа гялалзуулсаар жагслаа.

Ахмад мастеруудын анхдугаар лигийн тэмцээн амралтын өдрүүдэд үргэлжлэн явагдах бөгөөд, плэй-оффын тоглолтуудтай байх юм. Улмаар тэмцээнээс шалгарсан нас насны шигшээ багуудыг 2016 оны наймдугаар сарын 26-нд Канадын Ванкувер хотноо болох "MASTERS OLYMPIC GAME"-д анх удаа Монгол Улсаа төлөөлүүлэн оролцуулах юм.

Д.Өлзий

Related news