Монгол Улсаас оролцох шатарчдын тоог тохирлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-09 11:04:10

Монголын шатрын холбоо /МШХ/-ны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр Азийн шатрын холбоо/АШХ/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Ал Тахэртай уулзсан байна.

Тэд Улаанбаатарт дөрөвдүгээр сарын 5-15-нд болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл солилцон, үүсч болох санхүүгийн асуудал, оролцогч орнуудад тулгарч буй зарим бодит хүндрэл бэрхшээлийн тухай ярилцав. Зохион байгуулагч орны хувьд аль болох олон шатарчин оролцуулах хүсэлтэй байгаагаа уламжилж хураамжийн хэмжээний талаар тохиролцжээ.

Одоогийн байдлаар 16 орны 200 гаруй шатарчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. АШХ нь МШХ-ны идэвхтэй үйл ажиллагааг сайшаагаад олон сайн өсвөрийн шатарчидтай тив, дэлхийн аваргуудтай, шатрын тэргүүлэх орны нэг гэдгийг онцлон дурджээ. Мөн энэ удаагийн Ази тивийн АШТ-ийг зохион байгуулагч орны хувьд Монголоос оролцох шатарчдын тоонд хязгаар тавихгүй гэдгээ мэдэгдлээ.

Манай улсаас оролцох шатарчдын хувьд үндсэн тоглогч 75, нэмэлт тоглогч 150, Өсвөрийн УАШТ-д эхний 10-т орсон шатарчин 250, ӨУАШТ-д оролцсон шатарчид 500, ӨУАШТ-д оролцоогүй шатарчид 1000 ам.долларын хураамж тус тус төлөх юм. Харин МШХ-ны гишүүн аймаг, клубүүд 1000 ам.доллар төлж гурван шатарчин оролцуулж болно. Тус шатарчид нь ӨУАШТ-д оролцсон байх шаардлагатай.

Дашрамд дуулгахад, төлбөрийг МШХ-ны Голомт банкны 1105 0433 03 тоот дансанд энэ сарын 18-ны дотор хийж, төлбөрийн хуулга, хүүхдийн овог, нэр төрсөн он сар, харьялал зэргийг events@mongolchess.mn хаягаар энэ сарын 20-ны дотор ирүүлэхийг МШХ-ноос мэдэгдлээ. 

Д.Өлзий

Related news