Сэлэнгийн малчид таваарлаг цөөн малтай болохыг зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 17:50:10

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ЗДТГ-аас “Малчдын зөвлөлгөөн”-өө хийж, 2015 оны МАА-н салбарын ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэн, цаашид МАА-н салбарт баримтлах бодлогоо тодорхойлжээ.


Тус сумынхан малчдынхаа эл зөвлөлгөөнөөр “Мэдлэгтэй, мэргэжилтэй малчин, эрүүл, таваарлаг, чанартай малтай, шинэлэг технологи, эрчимжсэн мал аж ахуйг бэлчээрийн менежменттэй уялдуулан эрхэлж, ашигтай, орлоготой  малчин өрхийг бүтээнэ” хэмээн томьёолж дараахь уриалгыг гаргажээ.

Үүнд малчин бүр өөрийн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлж бизнесийн ухаантай уялдуулан өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Малчдыг “Бизнесээ эхэл-Бизнесээ хөгжүүл” зэрэг захиалгат сургалтанд хамруулан, туршлага судлах арга хэмжээнд тогтмол хамруулах, Малын үүлдэр угсааг сайжруулж Казакийн цагаан толгойт үүлдрийн үхэр, баяд омгийн хонийг үржүүлж малаа бүртгэлжүүлэлтэнд тогтмол хамруулан чанартай таваарлаг цөөн тооны малтай эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч болохыг зорино гэжээ. 

Мөн малчин өрх, бүлэг бүр бэлчээрийн даацад тохируулан өөрийн мал сүргийн бүтцийг аймгийн ИТХурлаар баталсан хэм хэмжээнд хүргэх /хонь 50 хувь, үхэр 30 хувь, ямаа 15 хувь, адуу 5 хувь/, Малчны хот эзэмшил, ашиглалтын газрын соёлжилт, тохижилт, эрүүл ахуйн шаардлага, хууль тогтоомжийн биелэлтийг хангаж хэвших, Мэргэжлийн байгууллагын дүгнэлт тодорхойлолтоор шаардлага хангасан эцэг мал тавих, шаардлагад нийцээгүй малыг үржлээс хасч хэрэгцээлэх, үзлэг ангилалтыг хугацаанд нь чанартай хийлгэж хэвших, Эцэг мал маллах арга технологийг сайжруулах, одоо мөрдөж байгаа журмыг шинэчлэн баг бүрт малчин томилж 3 хүртэл жилээр гэрээлж хашаа хорооны газар, модон материалаар хангах, Бод малыг байнгын хариулгатай болгож  малын хохирол болон таримал ургамлын хохирол учрахаас сэргийлэхээр уг уриалгад тусгажээ.

Мал эмнэлэгүүдтэй гэрээ байгуулж малаа вакцин, тарилга, туулгалтанд бүрэн хамруулж ариутгал халдваргүйтгэлийг чанартай хийж малын эрүүл мэндийн дэвтэрийг бүрэн хөтлөх, Малчин өрх бүр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдаж ирээдүйн хуримтлал үүсгэх, татвар төлөгчийн дэвтэр хөтөлж хэвших, Малчдын бүлэг, бэлчээр ашиглалтын хэсгүүд бэлчээр хамгаалах, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөний төслөө урьд оны 5-10-р сард багтаан хийж сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан багийн ИНХ-аар батлуулж хэрэгжүүлж ажиллахыг уриалан дуудсан байна.

Энэ үеэр сумын малчин Д.Баярт, Д.Алимаа нар "Сумын сайн малчин" болзолыг ханган хөдөлмөрөө үнэлүүлж шагналаа гардан авчээ. Зөвлөгөөний дараа малчдын дунд "Дуун цэнгүүн" зохион байгуулсан нь малчдын сэтгэлийг ихэд сэргээсэн үйл явдал болжээ. 

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг
 

Related news