Завханд үнэт цаасны дансыг 20 мянга гаруй иргэн нээлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-14 19:33:16

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт 2018 онд 1072 ширхэг хувьцаатай холбоотойгоор үнэт цаасны дансыг 20,000 гаруй иргэн нээлгэжээ. Завхан аймгийн иргэдэд үнэт цаасны арилжааны данс нээх албан ёсны эрхтэй брокер, дилерийн Гүүдсек үнэт цаасны компани үйл ажиллагаа явуулж байна.

Гүүдсек компанийн салбар Завхан аймагт 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж иржээ. Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор цэнхэр, ягаан тасалбарын хувьцаатай Завхан аймгийн харилцагчдыг 2010 онд Гүүдсек ҮЦК-д шилжүүлсэн байдаг байна. Өнөөдөр тус компаниар дамжуулан иргэд цэнхэр, ягаан тасалбарын хувьцаагаа лавлах, ноогдол ашгийн талаарх мэдээлэл авах, үнэт цаасны арилжаанд оролцож хувьцаа худалдаж авах, зарах болон Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072 ширхэг хувьцааны данс нээлгэхээр үйлчлүүлж байна. Одоогоор дараалал ихэссэн зүйл байхгүй байгаа. Завхан аймгийн 24 суманд өөрийн төлөөлөгчөөр дамжуулан иргэдэд үйлчилгээгээ үзүүлж байна. Иргэн та зөвхөн 1072 ширхэг хувьцааны данс нээлгэхэд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх, харилцах банкны дансны дугаар, бүртгэлийн хураамж 7500 төгрөгтэй ирж дансаа нээлгэх боломжтой юм. Брокер дилерийн компанид хандаж үнэт цаасны данс нээлгэснээр иргэд өөрийн нэр дээр байгаа 1072 ширхэг хувьцаагаа албан ёсны эзэмшигч нь болж хувьцаагаа бүртгэж баталгаажуулан авч байгаа юм хэмээн Гүүдсек ҮЦК-ийн Завхан салбарын брокер Л.Амаржаргал мэдээлэв. Дашрамд тус компани Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт Монгол даатгал компанийн байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд даваагаас баасан гарагуудад 09.00-18.00 цаг хүртэл ажиллаж байна. 

Related news