Олимпийн эрхийн төлөө эрэгтэй боксчид хүч үзэхээр үлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-28 10:17:04

Энэ өдрүүдэд “Рио-2016” олимпийн эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн тэмцээн БНХАУ-ын Чянь Ань хотод үргэлжилж байгаа бөгөөд манай эрэгтэй 5 боксчин эхний ялалтуудаа авч, эрхийн төлөө тулалдахаар зэхэж байна. 

Харин манай эмэгтэй 2 боксчин ялагджээ. "РИО-2016" зуны олимпийн XXXI наадмын Ази номхон далайн бүсийн олимпийн эрх олгох энэхүү тэмцээнд 40 гаруй орны 300 орчим ширэн бээлийтэн эрэгтэй 10 жин, эмэгтэй 3 жинд олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна.

Эрэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ Х.Энх-Амар Тайванийн боксчин Чун Хейн Жанг, 64 кг-д Б.Чинзориг Тонга улсын тамирчин Т.Файнезиг тус тус 3:0-оор хожин өнөөдөр хоёрдугаар тойрогтоо шилдэг наймын төлөө хүч үзэхээр боллоо. Харин 75 кг-д тулалдсан ОУХМ Н.Шинэбаяр эхний ялалтаа авлаа. Тус жинд 17 боксчин хүч үзэж Н.Шинэбаяр эхний тойрогтоо гоц мөргөсөн. Тайландын боксчин Апхиситтэй өчигдөр тоглож 3:0-ээр ялснаар шилдэг наймд үлдэж хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо. Хүрэл медалийн төлөө Ираны боксчин 30 настай, Азийн аваргын хүрэл медальт, Инчеоны Азийн наадмын шагналт тавдугаар байрт шалгарсан Сажад Мехрабитэй хүч үзнэ.

Тэмцээний эхний өдөр эмэгтэй 60 кг-д ОУХМ О.Сувд-Эрдэнэ Непалийн Сарасвати Ранаг 3:0-оор хожин дараагийн тойрогт БНСУ-ын О Ён Житай тулалдан 3:0-ээр ялагдал хүлээжээ. ОУХМ М.Нандинцэцэг эхний тулаанаа Хятадын боксчин Юү Тингтэй тоглож 2:1-ээр ялагджээ. Өчигдөр Азийн наадмын аварга, Ази тивийн аварга Д.Отгондалай эхний тойрогтоо гоц мөргөж өнөөдөр Иракийн боксчин А.Ж.Хассаныг 3:0-ээр /29:27, 29:27, 29:27/ ялснаар шилдэг наймд үлдлээ. Хүрэл медалийн төлөө Катарын боксчин Ерсекер Хакантай 29-нд тулалдана.

Тус тэмцээнээс нийт 36 эрх олгогдох юм. Тэмцээн ирэх сарын 2-нд өндөрлөнө.

Д.Өлзий

Related news