Сүхбаатарчууд тайван жагсаал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-15 16:41:37

Сүхбаатар аймггийн төвд их жанжин Сүхбаатарын талбайд өнөөдөр тайван жагсаал боллоо.

Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дэргэдэх НАМЗХ, НАМОХ, НАМЭХ болон Эрдэнэцагаан сумын МАН-ын хамтарсан жагсаалыг намын гишүүд дэмжигчид болон ард иргэдийн хамтаар зохион байгуулж Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь, ИТХ-ын дарга П.Мөнхжаргал нарт шаардах бичиг хүргүүлжээ. Шалтаан нь өнгөрсөн удаагийн орон нутгийн сонгуулиар Эрдэнэцагаан суманд МАН илт ялалт байгуулсан ч аймгийн удирдлагууд уг ажилд хөндлөнгөөс оролцож ялалт байгуулсан нэр дэвшигчийг ИТХ-ын даргаар батлахаас татгалзаж, өмнөх дарга нь тамга тэмдгээ авч зугтаасан байдаг. Ийм байдалтай дөрвөн жилийг Эрдэнэцагаанчууд үзэж, ИТХ-ын тамгагүй даргатай байсан юм. Энэ асуудлаар тэд бүх шатны шүүхээр явж ялалт байгуулсан ч аймаг орон нутгийн удирдлагууд шүүхийн шийдвэрийг үл гүйцэтгэжээ. Тиймээс МАН-ын дэргэдэх ТББ-ууд ийнхүү жагсахад хүрсэн байна.

Энэ өдөр Сүхбаатар аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан болж байсан бөгөөд тэд хуралдаан дундуур орж улирдлагуудад шаардах бичгээ уншиж танилцуулан гардуулсан боловч тэдэнд элдэв үгээр доромжлуулан хурлын танхимаас хөөгдөн гарчээ. Гэсэн хэдий ч жагсаалыг зохион байгуулагчид шаардах бичгээ үлдээгээд гарсан байна. Хариугаа мөн бичгээр авахаа илэрхийлжээ.

 

Т. Одончимэг

 

Related news