СҮХБААТАР: Нэгдүгээр сургуулийн 100 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-09-26 16:55:50

Баруун-Урт, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ууган сургууль болох ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн түүхт 100 жилийн ой тохиож байна. Баярын үйл ажиллагаа 26, 27-ны өдрүүдэд үргэлжилнэ.


Түүхийг сөхвөл, 1940 онд хуралдсан МАХН-ын Х их хурлын шийдвэрээр улсын хэмжээнд 227 сургууль байгуулагдсаны нэг нь Мандалын хийдийн буурин дээр төвлөрсөн 2 бүлэг, 64 сурагчтай, 2 багштай хичээл хүмүүжлийн ажлаа эхлүүлсэн нь өнөөгийн нэгдүгээр сургууль байлаа.


1942 онд Сүхбаатар аймаг шинээр байгуулагдах үед тус сургууль 4 бүлэг, 83 сурагчтай улс төр, хөдөө аж ахуй, биеийн тамир зэрэг 11 төрлийн хичээл ордог болсон байлаа. 1944-1945 оны хичээлийн жилээс дөрөвдүгээр анги төгссөн 40 сурагчийг тавдугаар ангид дэвшүүлэн 13 багш, 276 сурагчтайгаар 7 жилийн сургууль болох үндсийг тавьжээ.



100 жилийн зузаан түүхтэй сургуулийг энэ хугацаанд захирал 33, сургалтын менежер 46, нийгмийн ажилтан 36, багш 687, ажилтан ажилчид 537 ажиллаж, 7-12 ангийг 13149 хүүхэд төгсөн монгол эх орныхоо бүтээн байгуулалтад оролцон ажиллаж амьдарч байна.


Тус сургуулийг төгсөгчдөөс Монгол Улсын хөдөлмөрийн баатар 3, төрийн шагналтан 9, ардын цолтон 2, ардын зураач 1, салбарын гавьяат 101, доктор 120 төрөн гараад байна. Мөн олон улсын пионерын зусланд 157 сурагч багш амарч, 105 багш гадаад оронд мэргэжлээ дээшлүүлж, дэлхий, улс, бүсийн спорт урлагийн аварга шалгаруулах тэмцээнээс 98 алт, 106 мөнгө, 103 хүрэл медаль, олон улс, улс, бүсийн олимпиадаас 65 алт, 76 мөнгө, 95  хүрэл медалийг хүртсэн түүхэн амжилтыг гаргасан байна.


Нэгдүгээр сургуулийн амжилтын буухиаг үргэлжлүүлбэл, Боловсролын газрын хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр 16 удаа, Улсын төрөлжсөн олимпиадын нэгдсэн дүнгээр 16 удаа, Оюун ухааны наадамын аваргаар 11 удаа, Спортоор тэргүүлэгч байгууллагаар 11 удаа, хүүхдийн урлагийн яргуй урлагийн наадамд 6 удаа, Үндэсний бичиг үсгээ дээдлэгч “Сайхан бичигтэн” багаар 5 удаа, Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар 3 удаа аймагтаа тэргүүн байр эзэлжээ.


 

Ийм өргөн түүхтэй, арвин амжилттай сургуулийнхаа түүхт ойг зорин монгол орны өнцөг булан бүрээс 1300 гаруй төгсөгч зорин иржээ.

 

Тус сургууль нь түүхэн замналынхаа үеүүдэд аймаг орон нутагтаа анхдагч төдийгүй боловсролын өөрчлөлт, шинэчлэл, ололт амжилт, түүхэн үйл явц бүхэнд мөн л анхдагч хийгээд манлайлагч байсаар ирсэн юм.

 

Related news