Олимпиадын аваргуудынхаа амжилтыг мялаав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Биндэр сумын 10 жилийн сургуулийн 1973 оны 10-р төгсөлтийнхөн ангийн багш Ренчиндоржийн Бадамжав агсны нэрэмжит математикийн олимпиадыг ивээн тэтгэх 1 сая төгрөгтэй “Бадамжав сан”-г төрөлх сургуулийнхаа 90 жилийн ойгоор байгуулан 2015-2016 оны хичээлийн жилээс олимпиадад амжилт гаргасан сурагчдадаа шагнал олгож эхэллээ.
Өнгөрсөн оны шинэ жилээр 5-12-р ангийн сурагчдын дунд математикийн түргэн бодолтын олимпиадыг зохион байгуулж, 24 сурагчид 172.800 төгрөгийн шагнал олгосон бол саяхан болж өнгөрсөн аймгийн математикийн олимпиадад 1-р байр эзэлсэн 12б ангийн сурагч О.Эрхэмбаярыг 100.000 төгрөгөөр, биологийн олимпиадад 3-р байр эзэлсэн мөн 12б ангийн сурагч О.Номундарийг ангиасаа төрөн гарсан биологийн ухааны доктор шувуу судлаач Н.Цэвээнмядагийн нэрэмжит шагнал 60.000 төгрөгөөр тус тус шагналаа.
Ийнхүү тус сургуулийн төгсөлтийнхөн сум, сургуульдаа анх удаа сурагчдынхаа оюуны хөдөлмөрийг үнэлж, ийм шагнал олгож байгаад багш сурагчид, эцэг эхчүүд баяртай байгаа хэлж байлаа.
Хэнтий аймаг О.Буянхишиг