Б.ТӨРМӨНХ: ТҮҮХ СОЁЛЫН ҮНЭТ ӨВ ТООСОНД ДАРАГДААД УДЛАА

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-03-16 15:47:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

Сэтгүүлчийн хүүрнэл:


Анх 6 настайдаа сургуульд ороход шалгалт авч буй сургуулийн ажилтан өмнө минь олон төрлийн өнгийн цаас тавиад зөв нэрлэх даалгавар өгч билээ. Би нэг ч өнгийг буруу нэрлээгүй юм даг. Учир нь багадаа хаана л өнгөөр буддаг ном байна тэр бүхнийг худалдаж авдаг байлаа. Гэхдээ тэдгээр ном “яг ийм өнгөөр хооронд нь ялгаж” будах ёстой гэсэн өнгөт зургийг нь жижигхэнээр хавсаргаж хэвлэсэн байдаг учраас оюун санааг минь хайрцаглаж орхисон юм. Мэдээж 2000 оны эхээр ном, хэвлэлийн газар, техник технологи, судалгааны хувьд ч өнөө үеийнхтэй харьцуулахад бүхий л талаараа “жижиг” байсан нь үнэн.


Харин өнөөдөр эцэг эхчүүд хүүхэддээ ямар ном уншуулбал дээр вэ? гэсэн асуултыг хамгийн ихээр тавих болжээ. Хамгийн зөв асуулт боловч хариултаа тэд бүрэн дүүрэн авч чаддаг болов уу.


Ийн бодохын сацуу нэг асуулттай дахин тулгарсан юм. Хэн тэдэнд хариулж чадах вэ? Тиймээс л асуултынхаа хариуг ямартаа ч нэг хүнээс авахын тулд “Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцийн зураач Б.Төрмөнхтэй уулзаж ярилцлаа.


***


- “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН”-ЫГ СУВИНЕР БОЛГОЖ ОРХИЖЭЭ-


-“Монголын нууц товчоон” номын хүүхдэд зориулж шинэчилсэн хувилбар хэвлэлтээс гараад удаагүй байна. Энэхүү номыг бүтээх шаардлагатай анх хэрхэн тулгарсан бэ?


-Дэлхийн улс орнууд өв соёлоо нийгмийн цаг үе болгонд хөгжүүлж, шинэчилж ирсэн. Энэ нь өв соёлынхоо гүнд шингэсэн үнэт зүйлүүдээ бодитой хэрэглэж байгаагийн илрэл юм. Монголчуудын хувьд ч гэсэн соёлын арвин их өв сантай. Гэвч түүнийгээ хэрэглэх, шинэчлэх тал дээр төдийлөн анхаарч ажилладаггүй. Харин ч эсрэгээр яг тэр хэвээр нь хадгалах сонирхолтой байдаг. Түүний үр дүн бол одоогийн бидэнд байгаа ардын аман зохиолууд, тууль болон “Монголын нууц товчоо” зэрэг бүтээл юм.


-Тэгвэл бид өв соёлын үнэт зүйлийг шингээсэн томоохон зохиол бүтээлүүдийг үр хүүхдийнхээ насны ангилал, сэтгэхүйд нь зориулж өөрчилж шинэчлэж байх шаардлагатай зайлшгүй тулгарсан байх нь ээ?


-Магадгүй цаашид хадгалах, судлаад явах чиглэлтэй номын сан, архивууд бол өөр хэрэг. Харин хэвлэлийн газар, уран зохиолын хүрээний уран бүтээлч хүмүүс бол шинэчлээд явах хэрэгтэй. Энэ нь хүүхэд залууст ойлгомжтой болохоос гадна үндсэн эхээр нь уншиж танилцах хүсэл эрмэлзлийн гүүр болно. Тухайн цаг үедээ таарч байсан ч өнөөгийн бид уншаад ойлгохгүй хүнд үг хэллэг, ёс зүйн үнэт зүйлтэй зөрчилдөх олон асуудал эдгээр өв соёлд маань бий.


-Тэр бүх зөрчлийг шинээр бүтээсэн “Монголын нууц товчоон”-д хэрхэн шийдэж өгсөн бэ?


-“Монголын нууц товчоон” номыг өнөөгийн хүүхэд залууст хичээлийн даалгавар болгож өгдөг. Тэд уншаад төдийлөн ойлгодоггүй. Тийм дээ ч бидний үүх түүхийн хамгийн чухал сурвалж бичиг маань багшаас дүн авах хэрэгцээтэй зүйл болоод хувирчихсан. Гэтэл тус номд байгаа үнэт зүйлүүд, далд агуулга нь маш чухал. Тэрхүү далд агуулга, тухайн үеийн ахуй амьдралын хэв маяг, хүмүүсийн харилцаа, өвөрмөц ёс заншлыг шинэчилсэн хувилбараас тодорхой харж болно.  “Монголын нууц товчоон”-ыг хүүхдэд цээжлүүлэх бус үнэт зүйлсийг нь ойлгуулах зорилгоор бид шинэчлэн бүтээсэн. Тэгэхээр өв соёлоо эвдэж сүйтгэсэн бус харин ч өв соёлдоо хандах хандлагыг нь шинээр сэргээж буй гэрэл гэж зохиогчдын зүгээс үзэж байгаа.




-Тэгвэл уншигчдын зүгээс үүх түүхдээ хамаагүй халдаж, өөрийнхөөрөө дур мэдэн өөрчилж байна гэх шүүмжлэлтэй тулгарсан хэрэг үү?


-Өмнө нь “Жангар” редакциас “Эрийн сайн Хан харангуй”, “Жангар” зэрэг туулиудыг хүүхэд залуус зориулан үндсэн утга агуулгыг нь хөндөлгүйгээр, ойлгомжтой хувилбартай болгож гаргасан. Тухайн үед дээрх шүүмжлэлүүдтэй нэлээдгүй тулгарсан. Монгол үлгэрийг эвдлээ гэх олон дайралт бидэнд ирсэн, одоо ч ирсээр л байна.


-Энэ асуудлыг томоохон судлаачид болоод нийт олны зүгээс нэлээдгүй хөнддөг. Та харин тус шүүмжлэлд ямар байр сууринаас ханддаг вэ?


-Өнөө цаг үе бүх судлаач эрдэмтэд нь өв соёлоо өмчлөөд авчихаж. Тэд хэнээр ч янзлуулахгүй, тоглуулахгүй гэдэг. Өв соёлоо хамгаална гэж ярьдаг энэ хүмүүс өөрсдөө өв соёл доо хамгийн аймаар харгис хандаж байна. Уг нь бол өв соёлоо олон түмэнд ойлгогдохоор цаг үед нь тааруулан, янзалж өгөөд явбах хэрэгтэй. Бид эртнээс тэгж чадсан бол өв соёлын олон арван контентт хийж дэлхийн оюуны зах зээл дээр өрсөлдөгч болж чадах байлаа шүү дээ.


-Эцэг эхчүүдэд ч бас тийм үзэл бодол шингэсэн учраас бага насны хүүхэд “Монголын нууц товчоон” уншихгүй, том болсны хойно л ойлгож унших ёстой гэж үздэг юм биш үү?


-Тийм. Гэтэл их дээд сургуульд орсны хойно өнөөх л ойлгоход бэрх “Монголын нууц товчоон”-ыг хэдэнтээ гүйлгэн харж, хэдхэн мөр цээжлээд шалгалтад орно. Тэгээд дүн тавиулах л хэрэг гарна даа. Дараа нь амьдрал дээр гараад ирэхээр авдар дээрээ тавиад тахин шүтнэ. Хэзээ ч дахиж уншихгүй. Уг нь тус бүтээлийг яг хуучин бичгийн хэлбэрээр нь хадгалж авч үлдсэн архивын газар, номын сан бий. Бусдаар бол бид хэрэглэж, үнэт зүйлсийг нь үр хүүхэддээ ойлгомжтойгоор засаж шинэчлэж өгөх учиртай.


Бид өөрсдөө хүүхдүүдийнхээ насны ангилалд зориулан бүтээж өгөөгүй байж эх түүхээ уншаагүй гэж зэмлэдэг нь буруу юм. Хүүхэд анхнаасаа зөв ойлгочихвол цаашид “Монголын нууц товчоон” гэх агуу нууц зохиолын чинадад хөтлөгдөнө. Тэгж хөтлөгдөх тусам Монголын гэх үнэт зүйлс улам улмаар тодорч гарна, дотор нь бүрэлдэнэ шүү дээ.


-Үнэхээр айл бүрт л “Монголын нууц товчоон” байгаа харагддаг. Ихэнх нь уншдаггүй, зүгээр л тоосонд дарагдсан бэлгэдэл төдий зүйл болж хувирсан гэдэг нь үнэн. Айл бүр морин хуур,  “Монголын нууц товчоон”-той байх хэрэгтэй гэх зарлиг Н.Багабанди ерөнхийлөгч байхдаа гаргаж байсан шүү дээ?


-Одоо эргээд харахад “Монголын нууц товчоон”-ыг “сувинер” болгож орхижээ. Харин морин хуурын хувьд бол их өөр. Өнөөдөр үндэсний хөгжмийн олон хамтлагууд бий болсон. Язгуур хөгжмийг орчин үеийн хөгжмийн технологи, өнгө аястай тааруулан тоглож байна. Энэ нь ч маш сонирхолтой болсныг “Ху” хамтлаг батлан харуулсан. Гэтэл нууц товчоонд  юу тохиолдов. Нөгөө, докторууд маань шүтээний хэлбэрт оруулаад царцаах бодлоготой байна уу даа. Өв соёлын маань үнэт бичгүүд архивын газарт, тоосонд дарагдаад удлаа. Уул нь улс төр солигдох болгонд л Ш.Чоймаа, Д.Цэрэнсодном зэрэг мундаг эрхмүүд “Өв соёл” гээд л олон төсөл, тендер авч байгаа харагддаг, гэтэл урагшилсангүй.


***

Сэтгүүлчийн хүүрнэл:


“Admon”гэсэн латин үсэг бүхий хаягтай гурван давхар ягаан байшингийн босгоор нэлээд орж гарчээ. Тэр бүр нь уран зохиолын ном авах, найз нөхөдтэйгөө номын тухай яриа өрнүүлэх, шинэхэн гарсан номыг орчуулагчаас нь гарын үсэгтэй бэлгэнд хүртэх гээд үргэлж л ном тойрсон үйл хэрэг байв.


Тэрхүү ягаан байшингийн гурван давхарт байрлах “Монсудар” хэвлэлийн газарт хааяахан ажлын шаардлагын дагуу хөл тавихад хэзээд л энд байсан шиг танил дотно мэдрэмж төрнө. Хүн бүрийн ширээн дээр ямар нэгэн ном, яг тэр гээд тодорхойлчих боломжгүй нэг зүйл бичиглэсэн цаас үзэгдэнэ. Тэр л өрөөнд зураач Б.Төрмөнх хаа нэгтээгээс шүүрч олсон санаануудаа зураг болгон буулгаж сууна. Хаанаас билээ дээ нэг ярилцлагыг нь уншиж дуусаад доош нь гүйлгэж суутал “Ямар хүүхдийн зураач биш юм шиг царайтай нөхөр вэ” гэсэн сэтгэгдэлтэй таараад өөрийн эрхгүй инээд алдаж билээ.


Хүүхдийн номын зохиолч, зураач болохын тулд хүүхэд шиг байна гэдэг угаас ядмагхан ойлголт гэдгийг уншигч бүр мэдэх биз. Харин хүүхдийн дунд байж, тэдэнтэй ойлголцож, ярилцах, тэдний зан аашийг судлах нь бол зайлшгүй хэрэгтэй зүйл мөн. Ер нь аливаа нэг ажил мэргэжлийг сонгож авсан бол өөрийгөө хэрхэн боловсруулах вэ гэдэг л юу юунаас илүү чухал. Бусдыг нь “Хүүхэд наснаас дурсамж л үддэг юм шүү дээ” гэх үгс бүрэн төлөөлж чадна.




-ХӨӨРХӨН ЗУРАГТАЙ ХҮҮХДИЙН НОМЫН ХОР ХӨНӨӨЛ ИХ БАЙДАГ-


-Та “Монголын нууц товчоон”-той яг хэдий үед танилцсан бэ?


-Би тус номтой их эрт танилцсан. Миний аав В.Батбаяр гэж зохиолч, яруу найрагч хүн байлаа. Түүний номын санд С.Төрбурам гуайн үнэхээр гоё хайчилбар зургуудтай “Монголын нууц товчоон” байсан. Тухайн үедээ унших хүсэл эрмэлзэл ихтэй байсан ч ойлгохгүй үг хэллэг, үйл явдал олон тохиолдож билээ. Ойлгохгүй ч гэсэн унших дуусгах ёстой гэсэн хүслээр л ард нь гарсан байх.


-Хүүхдийн номын зураг зураад 11 жил болж байгаа гэсэн. Тус номын зургуудыг хэзээнээс эхэлж зурсан бэ? Тухайн нэг цогц сэдэв бүхий зураг дээр хэчнээн цаг хугацааг зарцуулсан бол оо?


-Хоёр жилийн өмнөөс л тус “Монголын нууц товчоон” номыг зурж эхэлсэн. Мэдээж хүүхдэд номын агуулгыг нь хэрхэн ойлгуулах вэ, ямар үр өгөөж өгөх вэ, яаж төсөөлүүлэн бодуулахаар зурах вэ гээд олон асуулттай нүүр тулсан. Тэр бүх асуултдаа хариулт олохын тулд уншиж, судлах зүйлүүд их байлаа. Тиймдээ ч цаг хугацаа нэлээд зарцуулсан. Хүүхдийн номын зураг бол тухайн номынх нь хэл, бичиг шүү дээ. Хүүхэд өөрөө ч зурж, өөрийгөө илэрхийлж байгаа “хэл” нь зураг байдаг. Хангалттай сайн ярьж, бичиж чадахгүй бяцхан хүүхэд бол аз жаргал, хайр, гуниг гээд үзсэн харсан, танин мэдсэн бүхнээ зургаар л илэрхийлдэг. Даанч томчууд бид түүнийг нь авяастай холбож боддог нь надад бол аймшигтай дүгнэлт санагддаг. Мэдээж насны ангиллаас шалтгаалан тухайн ном бүр дээр өөр, өөрөөр ажиллах шаардлага гарна. Хүүхдийн ном бол зөвхөн үлгэр биш.


-Тэгвэл хүүхдийн номын зураг насны ангиллаас болж дотроо олон хуваагддаг уу?


-Тэгэлгүй яахав. 0-1 насны хүүхдийн номын зураг ямар байх вэ гэдгээс эхлээд 2-4, 4-6, 6-10 гэх мэт цааш олон ангилалд хуваагдана.


-Шинэчилсэн “Монголын нууц товчоон” аль насныханд зориулагдсан бэ?


-Энэхүү номын хувьд 10-аас дээш насны хүүхэд залуус унших боломжтой. Энэ насны хүүхдүүд бол төсөөлөл нь онцгой ихээр хөгждөг, мөрөөдлийн насан дээрээ явж байдаг. Тиймээс нууц товчооны зургуудыг төсөөлөлд нь зориулж зурахыг хичээсэн.




-Их олон шидлэг өнгө аястай зургууд байсан. Монгол зургийн хэв маяг ч анзаарагдаж байсан даа...


-Зургийн хувьд сюрреализмын хэв маягийг голчлон ашигласан. Гэхдээ өнгө будаг, дүрслэлд нь монгол зургийн арга барил нэлээд харагдахаар гүйцэтгэж өгсөн. Ер нь хүүхдийн номын зураг зөвхөн хөөрхөн зурагтай байх ёсгүй. Манай эцэг эхчүүд хөөрхөн том зурагтай л байвал хүүхдийн ном гэж ойлгоод байх шиг санагддаг. Танин мэдэхүй, буддаг ном гэх мэт маш олон төрөл байна. Тэдгээрийн хувьд ч ялгаагүй адилхан. Хөөрхөн зурагтай хүүхдийн ном ер нь их хор хөнөөлтэй байдаг.


-Яагаад тэр вэ?  


-Өнөөгийн хурдацтай хөгжил, нийгмийн завггүй амьдралын дундуур эцэг эхчүүд бид хүүхэддээ төдийлөн зав гаргаж чадахгүй байна. Тэр дундаа аавуудын хувьд бол ажлаасаа орой ирээд хүүхдээ “Тонтоолой, түнтээдэй” гэх мэтээр өхөөрдөж, эрхлүүлчихээд унтчихдаг. Энэ бол хүүхэддээ цаг гаргаж буй явдал огт биш бөгөөд өөрийнхөө өдөр тутмын ажлын ядаргаа, стрессийг хүүхдээрээ дамжуулан тайлж байгаа хэрэг. Томчууд эргээд хүүхэд насандаа очихсон гэж ярьдаг. Яагаад гэж асуувал “Юу ч бодохгүй амар” гэсэн амархан хариулт хэлчихдэг. Гэтэл хүүхдийн номын алдартай зураач Маурис Синдак “Ер нь хүүхэд нас тийм ч аз жаргалтай байдаггүй. Өөр өөрийн гэсэн зовлонтой” гэж хэлсэн байдаг. Энэ үгс надад үнэхээр үнэн, амьд санагддаг.


Нөгөөтэйгүүр хүүхэддээ ном өгч байна гээд өөрт нь таалагдсан хөөрхөн зурагтай номыг лангуун дээрээс шүүрдэг. Хөөрхөн зургийг хүүхдийнхээ ертөнц гэж харж байгаа нь том андуурал. Тэгээд ч хүүхэд түүнийг нь сонирхохгүй шүү дээ. Сонирхож үзлээ гэхэд бүхий л зүйлийг хүүхэддээ хөөрхөн гэж худлаа үнэмшүүлэх зорилго бидэнд байж болохгүй биз дээ.


-Мэдээж цаг зав гаргаж байж хүүхдээ ойлгоно, үзэл бодлыг нь сонсдог болно. Түүний дараа сонголтоо хийх нь зөв гэсэн үг үү?


-Тэгэх л ёстой. Манайхан чинь ер нь хүүхдүүддээ үргэлж худал юм ярьж өсгөдөг ард түмэн. Тэгээд  бас “Хөөрхөн дэлхий” гэх мэт дуу шүлэг зохиогоод өгчихдөг. Хүүхэд бүрийн ширээн дээр зураг бүхэн ч бас нартай байдаггүй юм. Хөөрхөн зүйлээр хорвоог харж яваад жинхэнэ үнэнтэй нүүр тулах цагт хэчнээн хэцүү байдгийг манай үеийнхэн бишгүй дээ л мэднэ дээ.  Ийм хандлагатай учраас хүүхдийг бид аливаа юмны жинхэнэ утгыг нь ойлгохгүй гэж боддог. Тэгээд хүүхдээ ч тэр, өөрийгөө ч тэр хуурч хөөрхөн зүйлээр далдлалт хийж байгаа нь ядмаг санагддаг.


-Нөгөөтэйгүүр эцэг, эхчүүд хүүхдийн номын тухай сайн мэдлэггүй байгаа юм болов уу?


-Тийм ч байж мэднэ. Гэвч эцсийн дүндээ тэр хөөрхөн зурагтай ном нь 00-н цаас, амны салфетка дээр төд удалгүй гарчихсан байдаг нь инээдтэй. Ингээд бодохоор зарим нь бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулахын тулд хүүхдийг хуурч байна гэсэн үг.




-Та “Монголын нууц товчоон” номонд зориулж нийт хэчнээн зураг зурсан бэ?


-Ном нийтдээ 60 гаруй зурагтай. Хэмжээний хувьд бол янз бүр байгаа. Номонд тавигдах текстийг зургаар давхардуулж тавиад хэрэггүй санагддаг. Тийм учраас үйл хөдөлгөөн гэхээс илүү агуулгыг нь илэрхийлж гаргах чухал. Үйл явдлыг нь уншиж, түүнтэй яг адилхан зургийг хараад л өнгөрвөл хүүхэд тооны хичээл дээр хүрд цээжилснээс ялгаагүй. Харин түүнд ургуулан бодох, цааш нь төсөөлөх зураг хэрэгтэй. Тэгж байж л оюун сэтгэхүй нь хөгжинө.


***

Сэтгүүлчийн хүүрнэл:


Хөдөө байхад ээжийн дүүгийн охин болох дөрвөн настай Уянга үргэлж л манайд орж ирээд ээжээс олон юм шалгааж суудаг байв. Харин өөрийнхөө санаа бодлыг хэлэх тоолонд нь томчууд өхөөрдөн инээлдээд өнгөрдөг байлаа. Магадгүй манай хамаатнуудын оронд Мариус Синдак юм уу эсвэл Алексей Толстой, за бүр Д.Дашдондог гуай байсан бол тэр хөөрхөн ярианууд нь зохиол болчихсон байж мэдэх юм.


Тэдгээр нь “Энэ шоргоолжинд туршилт хийгээд хүний ухааныг өгчихвөл дэлхийн хөгжил барагдахаа байна даа” гэх юм уу “Энэ морь ижлээ санаад байна гээд янцгаагаад байхад нь л хэн ч сонсохгүй юм доо” хэмээн хэвлүүтдэг байлаа. Мэдээж тэр “ажилсаг шоргоолж” гэх үгсийг томчуудын ярианаас сонссон байж болох ч хүний ухааныг шоргоолжинд өгөх тухай ном, зохиолоос уншаагүй нь лавтай.


Яг үүн шиг бид хүүхдийн ертөнцийг хэтэрхий гэнэн цайлган, хөнгөн хуурмагаар төсөөлдөг, түүндээ алхам тутамдаа итгэж байдаг гэх гэмшил ярилцагчийнхаа өөдөөс харж суухад бодогдов. Зураач Б.Төрмөнх ч бас хүүхдийнхээ үзэл бодлыг ойлгодоггүй, сонсдоггүй байсан үе бий. Харин одоо бол тэр охинтойгоо хамт ном уншдаг, хүүдээ үлгэр ярьж өгөх цаг байнга гаргадаг эцэг хүн. Харин хүүгийнхээ нэг асуултанд одоог хүртэл хариулж чадаагүй яваа юм билээ. Уншигч таныг уйдаагүй гэдэгт итгэлтэй байна. Тиймээс бидний хөөрөлдөөнийг цааш хэрхэн үргэлжлэхийг сонирхоно уу.




-ХАРИУЛТ ОЛДООГҮЙ АСУУЛТ-


-Шинэчилсэн хувилбарыг хүүхдэд зориулж хялбаршуулсан учраас “Монголын нууц товчоон” номноос дайн байлдаантай хэсгүүдийг нь хасаж хоорондын зөрчил, түүхэн тулааны нэрсийг тодорхой оноож өгсөн байсан. Энэ талаар ярихгүй юу?


-Жишээлбэл бид андгай тангараг гэж юу вэ, хууран мэхлэлт, анд нөхөр гэж юу вэ гэх мэт зүйлсийг нууц товчооноос харж болно. Өөр ч олон сургамжит, үнэт зүйлүүд зохиол дотор шингэсэн байдаг. Тиймээс тэр их дайн байлдааныг дурдах бус Чингис хаан энэ бүхнийг ямар үнэт зүйл, үзэл баримтлал, ёс зүйгээр бүтээж, бас устгаж байсан бэ гэдгийг харуулахыг зорьсон. 


-Мэдээж “Монголын нууц товчоон” хүүхдэд зориулсан хувилбар ном уншигчдад хүрээд удаагүй байгаа. Гэхдээ миний ажигласнаар хүмүүс нэлээд үзсэн, авч уншсан талаараа цахим хуудсаар дамжуулан сэтгэгдлээ илэрхийлж байгаа харагдсан. Уншигчид ер нь шинэ номын талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?


-Хамгийн их хүлээж байгаа зүйл бол уншигчдын санал, сэтгэгдэл байна даа. Хүүхэд, томчууд гэлтгүй санаа оноог нь сонсож байж цааш цаашдын бүтээл дээрээ ажиллах хэрэгтэй. Одоогоор бүгд магтаад байгаа нь нэг их таалагдахгүй болж байна шүү, хэхэ. Гэхдээ ихэнх хүмүүст нийтлэг нэг зүйл хэлж байгаа. Тэр нь уншихад үнэхээр амар болсон гэх сэтгэгдэл олон ирсэн. Цаашид уншигчид маань улам их санал сэтгэгдэл ирүүлээсэй гэж бодож байна.


-Шинэхэн гарсан номоо хүүхдүүддээ уншуулсан уу?


-Нууц товчоог анх зурж эхлэхдээ би түгээмэл эхийг нь охиндоо уншуулсан. Манай охин одоо 12 настай л даа. Агуулгыг ойлгох гэж, би ойлгуулах гэж их юм болсон доо. Манай охины хувьд аав нь ном хийдэг болохоор номонд их дуртай байдаг . Ер нь л ном уншиж суудаг хүүхэд. Харин  “Монголын нууц товчоон” дээр ёстой нэг явж өгдөггүй ээ, байсхийгээд л асууна.

Сүүлд шинэчилсэн хувилбараа гарсны дараа уншуулсан чинь “Ийм байж шүү дээ, намайг яасан их зовоосон юм бэ” гэж байна лээ.


-Энэ ном уншихад хялбар ойлгомжтой болсон нь илт. Гэхдээ хүмүүсийн нийтлэг ойлголттой адил тийм ч “амар” ном биш биз дээ?


-Ерөнхийдөө бидний зорьсон зүйл бол хялбар уншиж ойлгох тал руу нь чиглэгдсэн. Мэдээж ном бүтээхэд амар хялбар зүйл үгүй. Гол нь тухайн бүтээлд өөрчилж болохгүй агуулга, ээдрээтэй үйл явдал бий. Мөн зургийн хувьд ч гэсэн далд санаа, тийм нэг нууц код ч байгаа. Тэрийг харин ярилгүйгээр уншигчдад нууц хэвээр нь үлдээе.




-Нууцыг нь асуулгүй танд ч бас хадгалж үлдэх эрхийг нь чөлөөтэй хэвээр нь орхие. “Жангар” редакц сүүлийн үед хүүхдийн номын тал дээр ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?


-“Жангар” хүүхдийн номын редакцийн хувьд өдгөө 300-аас 400-аад хүүхдийн ном эрхлэн гаргаад байна. Үүнд дэлхийн олон сайхан номуудыг албан ёсны эрхтэйгээр эрхлэн хэвлүүлсэн. “DK”, “Bloomsbury” гэх мэт алдартай хэвлэлийн газруудын олон номууд бий. Мөн үүний зэргэцээ үндэсний контентуудыг бүтээж байна. Үүн дотроо “365 үдэш”, “365 өдөр” гэх мэт томоохон номууд гарсныг онцолж болно. Басхүү Монгол ардын үлгэрүүдээр хүүхдийн зурагт номууд хийж байгаа. Цаашлаад танин мэдэхүйн болон бүтээлч буддаг номууд гэх мэт олон нэр төрлөөр ажилладаг.


-Шинэ он гараад эхлүүлсэн томоохон төслийнхөө тухай яриач?  


-Энэ жилийн хувьд "Монгол үлгэр-зурагт ном" төслөө эхлүүлчихсэн ажиллаж байна. Мөн “Монголын нууц товчоон” адил монгол ардын аман зохиол өнөө цаг үед үнэгүйдэж байгаа. Монгол үлгэрийг хүүхэддээ уншиж өгөх боломжгүй, эсвэл монгол үлгэрийн агуулга аймшигтай гэдэг ч юм уу шалтгаанаар хойш тавигдаж байгааг нуух аргагүй. Гэтэл бидний хэл соёл, ёс заншлын хамгийн үнэт сургамжууд тэнд бий. Тэдгээрийг хүүхэд залуустай таниулах, хэл соёл, ёс заншил гээд олон соёлын өвүүд нийлж монгол гэх тодотголыг бий болгодог юм гэдгийг ухааруулах нь чухал гэж бодоод дээрх төслийг хэрэгжүүлсэн.


-Эдгээр зүйлээс татгалзаад буй шалтгааны бурууг хэнээс хайх вэ?


-Үүнийг хамгийн их өв соёл ярьдаг хүмүүсээс хайх хэрэгтэй. Бидний хувьд бол эдгээр томоохон үлгэр, туульсийг заавал хүүхдүүдэд зориулан янзалж, сэргээн шинэчлэж, сонирхолд нь тааруулсан хүүхдийн контент бүтээж байгаа. Өөр бас нэг зүйл бий.


-Ямар зүйл юм бол оо?


-Тэртээ 300 гаруй жилийн өмнө ах дүү Гримүүд хуучин европын үлгэрүүдийг дахин боловсруулж шинэчилж өгсөн. Тухайн үлгэрүүд зуун зуун дамжин ирэхдээ цаг үе бүрт өөрчлөгдөж байсан нь тодорхой. Ингэснээрээ өдгөө бүхий л томоохон кино компаниуд болон хувь уран бүтээлчид тус үлгэрүүдийн агуулгыг ашиглаж, тэдгээрээс сэдэвлэсэн дэлхийн томоохон контентуудыг бүтээж байна. Харин монголчууд үлгэр домгоо хүүхдүүддээ зориулж засаж сайжруулж өгсөнгүй. Тийм атлааа үндэсний контент гэж их ярих болжээ. Тэгээд л бүтсэн бүтээгүй шалдир булдир юмс хийж мөнгө олох хэрэгсэлдээ хүүхдийг ашигладаг явдал нь одоо нэгэнт нууц биш болсон.


-Үлгэрээс сэдэвлэсэн кино хийдэг. Дараа нь зориулалтын тоглоом зэрэг бүтээгдэхүүн гаргаж, зарж борлуулдаг шүү дээ?


-Ерөнхийдөө дэлхий нийтээрээ улс орнууд өөрсдийн оюуны бүтээлээрээ мөнгө олж байна шүү дээ. Монгол шиг л уул уурхайгаа ярьж суугаа болохоос бус тэд аль хэдийн түрүүлээд явчихсан. Уг нь монгол үлгэрүүд сайн утга санаатай байдаг. Төсөөлөл, фантазын хувьд бол бүр тасархай гэж хэлж болно. Жишээ нь Шекспирийн Хамлеттэй “Болдоггүй бор өвгөн”-ийг харьцуулаад үзье. Тэд адилхан шудрага ёсны тухай өгүүлдэг, шүтээнтэйгээ тэмцэх агуулга дээр суурилсан байдаг.




-Номын зохиолыг хэрхэн боловсруулсан талаар яриач?


-Зохиолыг нь “Жангар” редакцын эрхлэгч Б.Батцэцэг бичсэн. Үүнд зөвлөхөөр СГЗ Л.Дашням гуай, түүхэн талаас нь  магистр С.Ууганбаяр зөвлөж ажилласан. Мөнхүү уран сайхны хэл найруулга маш чухал байдаг. Тиймдээ ч уран сайхны зөвлөхөөр Р.Энхбат гуай ажиллсан гэх мэт олон зохиолчдод уншуулж санаа бодлыг нь сонссон. Мөн хүүхдүүдэд ч уншуулж үзсэн. Тэд л хамгийн мундаг шүүмжлэгчид байсан даа.


-Ер нь номын тухайд хүүхдүүд хамгийн шудрага шүүмжлэгчид байдаг уу?


-Санасан бодсоноо хүүхдүүд шуудхан хэлчихдэг болохоор амар. Манай редакцынхан сар бүр цэцэрлэгээр явж хүүхдүүдэд ном угшиж өгдөг үндсэн ажлын чиг шугамтай. Тэр утгаараа илүү хүүхдүүдийг мэдэрч ойлгохыг хичээдэг юм. Мөн зурагт ном хийхэд надад нэг том зөвлөгч, шүүмжлэгч бий.


-Тэр нь хэн юм бол доо?


-Миний 4 настай хүү. Тааруухан үлгэр уншвал шуудхан босоод л явчихна. Тааруухан зураг байвал шууд л үнэнийг хэлнэ. Ёстой нөгөө Андерсоны үлгэрт гардаг шиг “Хараач! Хаан нүцгэн байна” гэж хашгирдаг нөхөр шиг хүн дээ. Би нэг удаа “Манжингийн үлгэр”-ийг зурагт ном болгон зурж байсан юм. Тэгсэн яахав дээ номоо гоё л болгочих бодолтой ажиллана шүү дээ. Гэтэл нэг зай гарчихаад байхаар болжмор нэмээд зурчихсан юм. Ингээд манжингаа өвөө, эмээ, ач охин, муур, хулгана татаад гарчихлаа. Тэгсэн чинь манай хүү “Аав аа нөгөө болжмор яасан бэ?” гэж асуудаг байгаа. Би үнэхээр гайхсан. Тэр болжмор номонд орсон л бол үйл явдалд оролцох ёстой гэдгийг хүүхэд ойлгочихсон байгаа юм. Би болохоор хөөрхөн баялаг зураг л гэж бодож байлаа шүү дээ.


-Та тэгээд юу гэж хариулсан бэ?


-Би бууж өгсөн. Учир нь надад хэлэх үг олдоогүй. Цаашид ч хариулж чадахгүй байх.


Гэрэл зургийг | Н.Батбаяр

 

Related news