Д.Золбоо: БНАСАУ-ын эрдэмтэдтэй хамтарсан хурал зохион байгуулах санал тавьсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunbold@montsame.gov.mn
2020-06-09 10:01:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сын Хо өнгөрсөн сарын 21-нд ШУА-д зочилж хамтын ажиллагааны талаар ярилцсан. Энэ талаар ШУА-ийн олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоогоос тодруулав.


-Саяхан Хойд Солонгосын Элчин сайд танай хүрээлэнд зочилсон. Энэ үеэр ямар асуудлыг ярилцсан бэ?


-Уулзалтын үеэр, БНАСАУ-ын Элчин сайд У Сын Хо, зөвлөх Хан Чоль Мин, 3 дугаар нарийн бичгийн дарга Рү Күн Сон нарын төлөөлөгч манай хүрээлэнтэй танилцаж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан. Коронавируст цар тахлаас сэргийлэх хөл хорионы үеэр БНАСАУ-ын Элчин сайдын яам бидэнтэй хамтран ажиллаж байна. Элчин сайд өөрөө дэмжээд, ажлын баг байгуулан ажиллаж байгаа юм. 


-Ямар чиглэлээр  хамтран ажиллах санал дэвшүүлсэн бэ? 


-БНАСАУ-ын ижил төрлийн эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачидтай холбож өгөхөд туслахыг Элчин сайдад илэрхийлсэн. Энэ нь хоёр орны харилцааны түүх, бүс нутгийн хамтын ажиллагааны өнөөгийн өргөн хүрээтэй асуудлаар суурь судалгааны төсөл хэрэгжүүлье гэсэн санаа юм. Ноднин 10 дугаар сард БНАСАУ-ын эрдэм шинжилгээний хамгийн том байгууллага буюу Ким Ир Сений их сургуулийн Олон  улсын харилцааны салбар сургуулиас 2 профессорыг Монголд урьж, эрдэм шинжилгээний хурал хийхээр хөөцөлдөж байсан. Гэвч 12 дугаар сараас коронавирусний халдвар тархсаны улмаас хойшлоод байна. Коронавирусний халдвар намжвал, бид хамгийн түрүүнд БНАСАУ-ын эрдэмтэдтэй хамтарсан эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар ярилцаж байна. Үүнийгээ ч уулзалтын үеэр илэрхийлсэн. 


-Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг аль чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?


-Манай хүрээлэн олон улс, орон судлалын чиглэлээр түлхүү хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Элчин сайд ч үүнийг дэмжинэ гэдгээ хэлсэн. БНАСАУ-ын  Ким Ир Сений их сургуулийн 2 профессорыг Монголд урьж  эрдэм шинжилгээний хурал хийх сонирхол бидэнд байгаа. Мөн байгалийн ухаан, хөдөө аж ахуйн салбартай хамтран ажиллах талаар ярилцсан. 


-БНАСАУ-ын талаарх мэдээллийг та бүхэн хэрхэн олж авч байна вэ, ер нь солонгос судлал манай улсад хэр хөгжиж байна вэ?


-БНАСАУ-ын талаарх мэдээлэл ховор. Тийм байх тусам өрнийнхөн хардаж, янз бүрээр бичдэг. Тэр байдлыг даван туулах нэг арга зам бол эрдэм шинжилгээ, судлаачдын хамтын ажиллагаа гэж үзэж байна. Мэдээж, аль аль талаараа мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах хэрэгтэй. Зөвхөн нэг талын эх сурвалжийг дагаж болохгүй. Зарим хүмүүс Солонгос судлалыг зөвхөн Өмнөд Солонгос гэж өнгөц төсөөлдөг. Солонгос судлал бол зөвхөн Өмнөд Солонгос бус Солонгосын хойгийн асуудал. Түүх сөхвөл, БНАСАУ-ыг орхигдуулах ямар ч боломжгүй. Тиймээс саяхан манай хүрээлэнгийн ажилчид БНАСАУ-ын Соёл, шинжлэх ухаан, мэдээллийн төвийг байгуулсан. Үүгээр дамжуулан Солонгосын тухай  тэнцвэртэй мэдээллийг хүргэхийг зорьж байна. Үүнийгээ ч уулзалтын үеэр хэлж, тэдний талаас дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Судалгааны хувьд хангалттай түвшинд гэж хэлж болохгүй. Гэхдээ бид юу ч хийгээгүй биш.  


-Танай хүрээлэнд нээгээд буй "БНАСАУ-ын Соёл, шинжлэх ухаан, мэдээллийн төв"-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?


-Манай хүрээлэнгийн доктарант  Н.Бямбадорж энэ оны гуравдугаар сард “БНАСАУ-ын соёл эрдэм шинжилгээний төв” ТББ-ыг нээсэн. Энэ төв нь Монгол Улс, БНАСАУ-ын хамтын ажиллагааг ахиулах, тэр дундаа хоёр орны хамтарсан эрдэм шинжилгээний  ажлыг дэмжих ач холбогдолтой юм. Тус төвийн нээлтийн үеэр, манай хүрээлэнгээс Монгол дахь Солонгосын хойг судлалыг хөгжүүлэх болон хоёр талын судлаачдын хамтын ажиллагааг бүх талаар нь дэмжиж илүү ойр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дуулгасан. Харин БНАСАУ-ын ЭСЯ-наас холбогдох мэдээлэл, сурах бичиг зэргээр тогтмол хангахын зэрэгцээ хоёр талын эрдэм шинжилгээний байгууллагын харилцаа тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжихээ илэрхийлсэн. 


-“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал энэ жил цар тахлаас болж хойшиллоо. Энэхүү хурал БНАСАУ болон манай улсын хувьд ямар ач холбогдолтой вэ? 


-Энэхүү бага хурал нь яриа хэлэлцээрийн тайван замаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, бүс нутгийн бусад тулгамдсан асуудлыг шийдэхэд Монгол Улсын байр суурийг онцолдог юм. Хурлаар дамжуулж Засгийн газар болон олон нийт хооронд санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлэх олон талт механизм болдог.

Хуучин БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох асуудлыг хэлэлцэх форум буюу зургаан талт хэлэлцээрийг БНХАУ, БНАСАУ, БНСАУ, ЗХУ,  АНУ зэрэг улс орон зохион явуулдаг байсан. Гэвч 2016 онд Хойд Солонгосын ГХЯ-ны Хойд Америкийн асуудал эрхэлсэн газрын дэд дарга Чо Сон Хуй Бээжин хот дахь БНАСАУ-ын ЭСЯ-нд  мэдэгдэл хийснээс хойш энэ форум тасарсан. 

Стратеги судалгааны хүрээлэн, Монгол Улсын Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал Улаанбаатарт 7 дахь жилдээ болох байсан ч коронавирусний дэгдэлтээс болж хойшиллоо.


-Бид БНАСАУ-ын шинжлэх ухааны салбараас юуг нь суралцаж, ямар туршлагыг нь хуваалцах хэрэгтэй вэ?


-Байгалийн шинжлэх ухаан, биологи ботаник, хөдөө аж ахуй, анагаахын салбараас суралцах зүйл их. Хамгийн түрүүнд байгалийн ухааны салбараас суралцах хэрэгтэй. Урьд нь тус улстай манай биологийн хүрээлэн холбогдож хүн хорхойдойг Монголын хөрсөнд тарих боломж, үүнтэй төстэй ямар ургамал манайд байгаа талаар судалгаа хийлгэхээр холбогдож байсан юм билээ.  Ер нь цөмийн зэвсэг хөгжсөн улс орон юм чинь шинжлэх ухааны хувьд манайхаас илүү байгаа нь тодорхой. 


-БНАСАУ-д Анагаахын шинжлэх ухаан өндөр хөгжсөн гэж сонссон. Тус улсад коронавирусний халдвар огт гараагүй гэсэн. Энэ талаар Элчин сайд мэдээлэл өгсөн үү?


-Ер нь бол тус улсад халдвар гараагүй нь үнэн. Олон жилийн түүхтэй хуучин уламжлалт анагаах ухаанаа хөгжүүлсэн, Дорны улс орнуудын давуу тал байх шиг байгаа юм. Уулзалтын үеэр, Элчин сайд өөрөө бидэнд мэдээлэл өгсөн.  БНАСАУ-д нэг тохиолдол илэрсэн. Түүнийг тусгаарлан эмчилж амжсан. Улсынхаа хилийг хамгийн түрүүнд хааж чадсан. Одоо Хойд Солонгост өвчлөлийн тохиолдол бүртгэгдээгүй гэж хэлсэн.   


-COVID-19 халдвартай холбоотой шинжлэх ухааны салбарын ажилд ямар нэгэн хүндрэл гарч байна уу? 


-ШУА-д Нийгмийн салбарын дөрвөн хүрээлэн бий. COVID-19 гарахаас өмнө ч академик эрх чөлөөг эрхэмлэдэг байсан. Манайд академик, эрх чөлөөтэй судлаач нар ажиллах боломжтой. Тэр утгаараа өдөр тутмын ажилд хүндрэл бэрхшээл тохиолдоогүй ч төлөвлөсөн зарим ажил хойшилж байна. Жишээ нь,  Монгол Улс  БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Уг ойг тохиолдуулан ГХЯ, МУИС-тай хамтарсан хурал хийхээр төлөвлөж байсан нь хойшиллоо. Одоо дипломат харилцаа, бусад ач холбогдолтой  түүхээ бичиж үлдээх, цаашдын харилцааны онцлог чанаруудыг гаргах ажлуудыг хийх нь чухал болоод байна. Ерөнхийдөө олон нийтийг хамарсан ажил л тасалдаад байна.

                                                                                                                                                                                        Б.Содгэрэл

Related news