Бороо хур бага байгаагаас тариалалт удааширч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-14 11:54:40

Оргил үедээ 90 мянган га эргэлтийн талбайтай байсан Хэнтий аймаг өнөөдөр 70,0 мянган га талбайг эргэлтэнд оруулж, энэ хавар нийтдээ 36 аж ахуйн нэгж, иргэд 30000 га-д тариалалт хийхээр төлөвлөөд байгаа аж. Харин өнгөрсөн сарын 15-наас тариалалт жигдэрч ид ажил эхэлсэн ч бороо хур бага байгаагаас чийг муу өгч үрлэгээний үед салхи шуурга их байгаа учир үрлэгээ саатах өдөр ч гарч байна. Тиймээс тариалалт удааширч байгаа талаар тариаланчид хэллээ.

Одоогоор нийт тариалах талбайн 80 гаруй хувийг тариалаад байгаа бөгөөд ойрын хугацаанд дуусгахаар тариаланчид шаргуу ажиллаж байна. 

Аймгийн хэмжээнд тариалалт эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн тухайд нийт 5000 га эргэлтийн талбайтай “Хурх гол” компани энэ жил 3200 га-д тарихаар бэлтгэж үр бордоогоо татаж авсан байна.Тус компани хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч өнгөрсөн жил 2000 га-д ногоон бордуурт уринш хийж, мөн тарихын өмнө талбайд гербицид цацаж хог ургамлыг устгаснаас хойш 7 хоноод үрлэгээ хийж байна.

Хурхын Яргайтын ар хөндийд 17 дахь хавраа тариа тарьж байгаа “Өндөрхаан тариа” ХХК энэ жил 1000 га-д тарихаас 80 хувьдаа орж байна.

Мөн аймгийн ерөнхий агрономич асан Ч.Пүрвээгийн “Агроимпекс” ХХК тариалалтаа явуулж байна. 500 га-д тарихаас 300 га-г үрлээд байна. Үтрэм дээрээ таваарын будаагаа нарлуулж, цэвэрлэж, био бордоо хольж хонуулаад тарьж байна. Энэ бордоо үрийг ганд тэсвэртэй болгодог ажээ.    

“Энсада истерн” компани Хурхын Шар талд тариалалтаа явуулж байна. 2013 онд уринш хийж анх Хэнтийн газар тариаланд хөл тавьсан тус компани 2014 онд тариалж эхэлсэн. Шар талд нийт 2000 тонн багтаамжтай үрийн хос төмөр агуулах барьсан нь үдийн наранд гялалзан цайвалзана. Будаагаа оруулаад өөрөө гаргадаг энэ агуулах бүрэн автомат ажиллагаатай, будааны чийгийг хянаж, хатаах ажиллагаатай. Тус компани америк канадын CASE, New Holland хэмээх 535 морины хүчтэй хүчирхэг трактор, 18 метр өргөн хийн үрлэгчээр хоногт 250-300 га-г үрлэж 5-р сарын 25 гэхэд Шар талын 5600 га-даа тарьж дуусгаад Өлзийтийн 3000 га руугаа орно хэмээн агрономич Б.Эрдэнэ-Очир ярьж байна. Эднийх хоёр хэсэг газарт буюу Хурхын Шар тал болон Өлзийтийн Чандганы талд нийт 13000 га эргэлтийн талбайтай. Тариалалтаа 5 сарын 7-нд эхэлсэн ч үр хоцорч ирж байгаа аж. Өөрсдийн нөөцөлсөн болон энд тэндээс авсан үрээрээ эхний тариалалтаа хийжээ. Одоогийн байдлаар буудай 3500, рапс 1000, овъёос 100 га-д тариалжээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news