Хэнтий аймагт сонгогчийн ирц 63,1 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-06-29 19:52:45

Хэнтий аймагт сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Аймгийн хэмжээнд 17 цагийн байдлаар сонгогчдын ирц 63,1 хувьтай байна. Тус аймагт  47 мянга 600 гаруй сонгогч байгаа юм.

Тойргоор нь авч үзвэл УИХ-ын 40-р тойрог 62, 41-р тойрог 68,7, 42-р тойрог 59,7 хувьтай байна. Сумдаас хамгийн өндөр ирцтэй нь Баянмөнх, Баян-Адрага, Баян-Овоо, Биндэр, Норовлин, Жаргалтхаан сумд 70-аас дээш хувьтай, бусад бүх сумд 50-аас дээш хувийн ирцтэй байна.

"Сүүлийн 1 цаг 30 минутын байдлаар бид Галшар сумтай огт холбоо барьж чадахгүй байсан учир тагнуул, цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа бөгөөд одоогоор тодорхой мэдээлэл авч чадаагүй байна. 12 цагийн байдлаар Галшар сум 32,7 хувьтай байна хэмээн мэдэгдэж байсан. Сонгуулийн үйл явцтай холбоотой зөрчил дутагдал харьцангуй бага, харин ажиглагч нарын дунд нэлээн зөрчил гарч байна. Жишээ нь Баянхутаг сумын МАН-ын ажиглагч нар орж ирсэн бүх иргэдийн нэрийг бичиж авч байсныг сумын сонгуулийн хороо хяналт, шалгалтын явцад илрүүлж, хурааж авч цагдаад өгсөн. Түүнээс өөр зохион байгуулах талаас холбоотой зөрчил алга байна. Мөн 2 иргэнээс гомдол ирснийг шийдвэрлэх газарт нь хүргүүлсэн. Өглөө 11 цагийн үед машин гацсан ч нөөц машинаа тавиад одоогоор санал хураалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” хэмээн Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Цогбадрах мэдээллээ.

О.Буянхишиг

Related news