Ж.Болсонару технологийн компаниудын эрх мэдлийг хязгаарлах зарлигт гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-09-07 12:19:01

БРАЗИЛИА. /BBC/. Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару нийгмийн сүлжээний компаниудын хаяг, контент устгах эрх мэдлийг хязгаарлах зорилго бүхий зарлигт гарын үсэг зуржээ.


Түүний мэдээлснээр, аливаа хаягийг “дур мэдэн устгах”-тай тэмцэхэд холбогдох өөрчлөлтийг хийх шаардлагатай байгаа бөгөөд ингэснээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах ажээ.


Коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш “Twitter”, Facebook” нийгмийн сүлжээ нь Бразилын Ерөнхийлөгч болон түүний дэмжигчдийн олон нийтлэлийг буруу ташаа утга агуулгатай хэмээн үзэж устгасан юм.


"Энэхүү шинэ зарлиг нь нийгмийн сүлжээний компаниудын платформ дахь контентоо хянах эрх мэдлийг нь тодорхой болгох зорилготой юм" гэж Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлжээ.


Үүнд, технологийн компаниуд аливаа хаяг, контентыг устгахаасаа өмнө “шалтгаан, үндэслэлийг” танилцуулах хэрэгтэй хэмээн бичжээ. Гэвч зарлигийг хэрхэн хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.


Ж.Болсонаруг дэмжигчид Бразил даяар томоохон жагсаал өрнүүлэх төлөвтэй байгаагаас нэг хоногийн өмнө энэхүү мэдэгдэл гарчээ.


Тодруулбал, өнгөрсөн сард Ж.Болсонаруг буруу ташаа мэдээлэл гаргасан хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж буй хүмүүсийн жагсаалтад оруулсан Конгресс, Дээд шүүхийн шийдвэрийг түүний дэмжигчид эсэргүүцэж байгаа ажээ.


Шүүмжлэгчдийн үзэж буйгаар, тэдгээр жагсаал нь Бразилын Тусгаар тогтнолын баярын өдөртэй давхцаж байгаа нь ардчилалд аюул учруулж байна.


Цар тахал дэгдэж эхэлснээс хойш Ж.Болсонару болон түүний холбоотнуудын нийгмийн сүлжээн дэх нийтлэлүүд удаа дараа устгагджээ.


Тухайлбал, “Youtube” цахим хуудас “COVID-19”-тэй холбоотой буруу ташаа мэдээлэл тараасан хэмээн үзсэний үндсэн дээр Ж.Болсонарутай холбоотой сувгаас 15 орчим дүрс бичлэгийг устгасан байна.


Үүнд, хумхааны эм “гидроксихлорохин”, шимэгчийн эсрэг үйлчилгээтэй “ивермектин” эмийг коронавирусний эмчилгээнд хэрэглэхийг сурталчилсан бичлэгүүд багтжээ. Эдгээр эмийн аль нь ч вирусний эсрэг үр дүнтэй болох нь батлагдаагүй байгаа юм.


Мөн өнгөрсөн онд “Facebook” Бразилын Дээд шүүхийн шийдвэрийн дагуу Ж.Болсонаругийн гол холбоотнууд болох олон арван хүний хаягийг холбооны шүүхийн эсрэг буруу ташаа мэдээлэл тараасан хэмээн үзэж хаасан байна.


Түүнээс хойш Бразилын Ерөнхийлөгч “Telegram”, Parler” зэрэг бусад платформыг ашиглан өөртэйгээ холбогдохыг дэмжигчдэдээ уриалах болжээ. 

Related news