Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Төрийн алба хаах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх зорилготой шалгалт өнөөдрөөс орон даяар эхэллээ.
Хэнтий аймгийн хувьд нийт 211 иргэн шалгалтад бүртгүүлсэн байна. Шалгалтыг 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд Политехникийн коллежийн сургалтын 2 танхимд зохион байгуулж, нэг ээлжинд 31 иргэн шалгалт өгч байна.
Коронвируст халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин, УОК, аймаг, нийслэл дэх Онцгой комисс, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, чиглэлийг баримтлан шаардлагатай тохиолдолд бие нь эвгүйрхсэн, халуурсан иргэнийг шалгалт өгөх боломжоор хангаж, нөөц өрөө болон тусгаарлах өрөөг бэлджээ.
Тухайлбал ЗӨСТ-өөс анги танхимыг бүрэн ариутгаж, халдваргүйжүүлсэн бөгөөд шалгалтын явцад 2 цаг тутамд ариутгал хийж байна. Мөн оролцогчдын биеийн байдлыг үзэхээр ЭМГ-аас эмч, эмнэлгийн ажилтан томилогдон ажиллаж байгаа бөгөөд ариутгалын дэглэмийн журмаар зохион байгуулж байгаа эсэхэд Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраас хяналт тавин ажиллаж байна . Түүнчлэн хэв журмыг сахиулахаар Цагдаагийн газар, кибер гэмт хэргээс сэргийлэх, сүлжээний аюулгүй байдлыг хангахад тагнуулын хэлтэс, интернэт хурдыг дээд хэмжээнд байлгах зорилгоор Холбооны газар, Эрчим хүчний найдвартай байдлыг хангахаар зөөврийн генераторыг цахилгаан эрчим хүчний газраас бэлэн байлгаж байна.
Тус шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 25 дугаар тогтоолоор Шүүхийн тамгын газрын дарга, ТАЗСЗ-ийн гишүүн Б.Баярсайхнаар ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй комисс зохион байгуулан ажиллаж байна.