Хөвсгөлийн Засаг дарга мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-14 17:46:13

Хөвсгөл аймгийн баяр наадам маргааш эхлэх гэж буйтай холбогдуулан аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар ард түмэндээ хандан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр “Айсуй цагийн учрал ерөөлийг дээдлэн Монголын хоймор Хөвсгөлчүүддээ Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95, аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баярын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Газар дэлхий өнгөө засч, хүний сэтгэл баясан, малын зоо тэнийсэн дэлгэр зуны улиралд Монголчууд бид эрийн гурван наадмаа хийж, эх дэлхий дээр туурга тусгаар Монгол улс гэдгээ батлан харуулж, үндэснийхээ уламжлал соёлыг дээдлэн наадамлаж ирсэн бахархам түүхтэй ард түмэн. 
Монгол наадам бол Монголчуудын морин дэл дээрээс дэлхийн дайдыг эзлэн хүчирхэг гүрэн явсны улбаа, төв Азийн элгэн дэх эртний түүх соёлтой, ховор заяат нүүдэлчдийн байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлийн илэрхийлэл, нутаг ус, хотол олноороо эв эеийг хичээн, настнаа хүндэлж, нялхсаа баярлуулах их хүндэтгэлийн баяр билээ. Хөвсгөлчүүд бид бүтээсэн түүхээрээ бахархаж, илүү ихийг хийх эрмэлзлэл эрч хүчийг цогцлоож, нутгаа гэсэн сэтгэлээр хол ойроос хуран цуглаж, эрэмгий хүчит бөхчүүдээ бахдан, эрдэнэт хурдан хүлгээрээ гоёж, эрчимт мэргэн харваачдаараа бахархан, хотол олноороо сайхан наадахыг ерөөл дэвшүүлье” гэжээ.

   Б.Гантуяа 

Related news