Д.Баярмаа: Энэ онд “Халамжаас -хөдөлмөрт” шилжүүлэх бодлого барьж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-02-11 13:38:57

Хэнтий /МОНЦАМЭ/ "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж буй ажлын хэсгийн ахлагч-Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Д.Баярмаатай ярилцлаа.

-Хэнтий аймагт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ямар хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хүрээнд ажлын байранд зуучлах үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх 5 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн энэ хүрээнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх, ажил зуучлах үйлчилгээг иргэдэд хүргэж, иргэдийг ажлын байранд зуучилж байна. 2021 онд 1216 иргэнийг байнгын болон түр ажлын байранд зуучилсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд 5 хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнд:

1.Цар тахлын үед аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт 37 иргэнд 180,0 сая төгрөгийн санхүүжилт олгож 72 иргэнийг байнгын ажлын байраар хангасан. Нийтийг хамарсан ажлыг зохион байгуулах арга хэмжээний хүрээнд 10 сумын  270 хүнийг түр ажлын байраар ханган 57,440 сая төгрөг зарцуулсан. Малчин өрхийг малжуулах санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд 18 малчин өрхийг хамруулан 85,0 сая төгрөгийн мал худалдан авч өгч 36 байнгын ажлын байр бий болгосон.

2. “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Golden time” багт 10 сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгож, 2 иргэнийг байнгын ажлын байраар хангаад байна.

3. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 21 иргэний төсөлд  87,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгосноор 35 ажлын байр бий болгоод байна.

4.“Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т 14 ахмадыг хамруулан 36,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, 14 ажлын байр бий болгоод байна.

Хөтөлбөрүүдийн хүрээнд нийт 91 иргэнд 455,44 сая төгрөг олгож, 159 иргэн байнгын ажлын байраар, 270 иргэн түр ажлын байраар хангагдсан .

-Төсөл хөтөлбөрүүдийн онцлог, ялгааг та тайлбарлаж өгөөч ?

-Хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд нь ажлын байрыг хадгалах үйл ажиллагааг дэмжих зорилгоор хөдөлмөрийн насны ажилгүй 18-34 насны залуучууд, 35-аас дээш хөдөлмөрийн насны иргэн, малчин, ахмад настан гээд бүх насны иргэдийг хамруулж, санхүүгийн дэмжлэг нь хүүгүй барьцаагүй олгодог онцлогтой. Мөн хувиараа болон өрхийн аж ахуй эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 50%- ийн эргэн төлөлттэй олгодог.

-Дэлхийн банкны санхүүжилттэй хөтөлбөрийг аймаг орон нутагтаа хэрэгжүүлэх суурийг хэрхэн тавьж байв? Энэ хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлаасаа танилцуулна уу?

-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2020 онд зарласан хөтөлбөрийн шалгаруулалтад орон нутгийн санаачилгат төсөлд 21 аймаг 9 дүүрэг оролцож, 11 аймгийн төсөл шалгарсан. Үүнд манай хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс “Ажлын байр -Амьдралын баталгаа” нэртэй төслөөр оролцож 73,6 сая төгрөгийн санхүүжилт авсан. Хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ажил хайгч болон ажилгүй иргэдийг бүртгэн сургалтад хамрууж, тэднийг хүсэл сонирхлын дагуу ангилан давтан сургалтад хамруулан, ажлын байранд дадлагажуулж, ажлын байраар ханган ажилласан. Үүний хүрээнд 123 иргэнийг сургалтад хамруулан, 50 иргэн байнгын ажлын байртай болсон.

-Иргэдийг ажлын байртай, ур чадвартай болгож мэргэшүүлэх, сургах, дадлагажуулах, зөвлөгөө өгөх ажлуудыг цогцоор нь хийхэд хөтөлбөрт оролцогчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Тус хөтөлбөрийн хүрээнд иргэн сургалтад хамрагдаад өөрийн хүсэл сонирхлын дагуу давтан сургалтад хамрагдаад ажлын байранд дадлага хийх нь давуу тал болж байсан. Мөн сургалтад хармрагдаж ажлын байртай болсон иргэдтэй эргэх холбоотой “Тогтвортой ажилтан – Тогтвортой ажлын байр” арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.

-Төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэнээр гарсан үр дүнгийн талаар?

-Орон нутгийн санаачилгат төсөл хэрэгжсэнээр ажилгүй болон ажил хайгч иргэдийг сургалтад хамруулан, ажлын байраар аялуулж, иргэн бүртэй ажлын байртай болтол эргэх холбоотой ажиллаж, ажил орлоготой болгох нь давуу тал байсан.

-Аймгийн төв, сумдад төсөл хөтөлбөрт хамрагдахад ялгаа байдаг уу? Иргэд мэдээллийг хаанаас авч, хэрхэн хүсэлтээ гаргадаг вэ?

-Батлагдан ирсэн удирдамжийн дагуу төсөл хөтөлбөрт хамрагдах зарыг нээлттэй 30 хоног явуулдаг. Мөн сум бүрт  хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр дамжуулан иргэдэд хүргэдэг. Удирдамжид заасан шаардлагад нийцэж байгаа хэн ч энэ төсөл хөтөлбөрт хамрагдах нь нээлттэй .

-Санхүүгийн дэмжлэг, төслийн зээл хоёр ялгаатай юу?

-Санхүүгийн дэмжлэг бол авсан санхүүжилтээ 24-36 сарын хугацаанд 100% эргэн төлдөг. Орон нутгийн санаачилгат төсөл бол ажлын байраар хангагдах гэсэн ялгаатай.

-Төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйл ажиллагааг дүгнэж хяналт хийх үед тэднээс гарсан санал санаачилга юу байв?

-Төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйл ажиллагаанд жилд 2-оос доошгүй удаа хяналт хийдэг. Авч буй санхүүгийн дэмжлэгийн мөнгөө нэмэгдүүлэх  хүсэлтийг их гаргадаг.

-Энэ онд ажилтай орлоготой мэргэшсэн иргэдийг бэлтгэхэд чиглэсэн ямар хөтөлбөрүүд үргэлжлэн хэрэгжих вэ?

-Энэ онд санхүүгийн дэмжлэг олгож ажлын байр нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүд хэрэгжихээс гадна Мод тарих, арчлах хамгаалах, Хүүхэд асран хамгаалах үйлчилгээ, богино хугацааны ур чадвар олгох сургалт зэрэг арга хэмжээнүүд нэмж хэрэгжинэ. 

-Иргэд ажил хайж танайд бүртгүүлсний давуу тал юу вэ?

-Иргэн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлж, ажил зуучлах үйлчилгээнд хамрагдсанаар хөдөлмөрийн зах зээл дээрх сул чөлөөтэй ажлын байрны мэдээллийг шуурхай авч, ажлын байранд зуучлуулдаг.

-Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээний талаар тайлбар өгөөч?

-Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан зөвлөгөөнд хамрагдсанаар иргэд хөдөлмөрийн зах зээл дээрх сул чөлөөтэй ажлын байрны талаарх мэдээлэл болон төсөл, хөтөлбөр, ажилгүйдлийн тэтгэмж, мэргэжлийн талаар мэдээллийг авна.

-2022 онд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас  ямар чиглэлийг баримталж ажиллах вэ?

-Хүнсний эрхийн бичгийн үйлчигээнд хамрагддаг өрх болон зорилтот бүлгийн хөдөлмөрийн насны иргэдийг ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээ, ажилд зуучлах үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, хөдөлмөрт бэлтгэх сургалтууд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөлд хамруулж ажлын байртай болгож “Халамжаас -Хөдөлмөрт” шилжүүлэх бодлого барьж ажиллана.

 

 

Related news