Шинэ үеийн аж үйлдвэрийн хотыг Бор-Өндөрт байгуулахаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-04-06 10:33:47
Хэнтий /МОНЦАМЭ/ “50 мянган иргэнтэй Бор-Өндөр шинэ үеийн аж үйлдвэрийн хот байгуулах төлөвлөгөө”-ний төслийг аймаг, сумын удирдлагуудад танилцуулах уулзалт боллоо.
Бор-Өндөр суманд жонш баяжуулах үйлдвэрийг 2020 онд байгуулан үйл ажиллагаа явуулж буй дотоодын хөрөнгө оруулалттай “Бор-Өндөр мандал” ХХК-ийн захирал Н.Мөнх-Идэр болон түүний төслийн багийн гишүүд уг төслийг санаачилжээ.
Тус төсөл нь тодорхой дунд хугацаанд төлөвлөгдсөн бөгөөд төслийн үр дүнд орчин үеийн залуусын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, дэд бүтэц, нийгэм соёл, эдийн засгийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн орчин үеийн хот бий болж, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь аймгийн байгалийн нөөцийг төвлөрүүлэн боловсруулах аж үйлдвэрийн төвлөрсөн кластер, эрчим хүчний бие даасан эх үүсвэр, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэн нэмүү өртөг шингээж экспортод гаргах “Хуурай боомт” зэрэг стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтуудыг өрнүүлэх аж.
Тиймээс эхний ээлжинд хийгдэх ажлуудыг эрэмбэлэн төслийн нарийвчилсан төлөвлөлтийг дахин танилцуулж аймаг, сумын ерөнхий төлөвлөлттэй уялдуулан боловсруулах, Засгийн газар, төрийн бодлогоор шийдвэрлэх эрх зүйн асуудлуудыг тодорхой болгож хамтарч ажиллахаар боллоо.

Монгол Улсын Их Хурлаас "Ковид-19" цар тахлын эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн суурийг тэлэх, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг баталсан. Үүний хүрээнд Хэнтий аймаг нь уул уурхай, аж үйлдвэрийн гол цөм болсон Бор-Өндөр сумыг эдийн засгийн чөлөөт бүс бүхий шинэ суурьшлын бүс, шинэ үеийн аж үйлдвэржсэн хот болгон хөгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг түшиглэн нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлүүдийг цогц бодлогоор хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангах, экспортыг нэмэгдүүлэхээр зорьж ерөнхий төлөвлөлтүүдийг хийж байна.
Бор-Өндөрийн районы байгалийн баялгийн нөөц хэдий арвин боловч ихэнх нь аж ахуйн нэгжүүдийн гарт төвлөрсөн. Өндөр өгөөжтэй, нөөц бүхий ордууд үр ашигтай ажиллаж чадахгүй байгаа ба 10 жил, 20 жил огт ажил хийгдээгүй ордууд ч олон бий. Хөрөнгө оруулалт хангалтгүй, менежмент тааруу зэргээс шалтгаалж “нинжа” хэлбэрийн олборлолт газар авсан, маш их газар нутаг, экологи байгаль орчныг сүйтгэж, байгалийн нөөцийг үр дүнгүй үрэгдүүлж байна. Цаашид үүнийг Засийн газар, төрийн захиргааны байгууллагуудтай хамтран аль болох цэгцлэх арга хэмжээг авч, стратегийн ач холбогдол бүхий ордуудыг үе шаттайгаар цогц бодлогоор ашиглаж, олборлосон бүтээгдэхүүнийг байгальд ээлтэй дэвшилтэт технологийн аргаар өндөр түвшинд боловсруулалт хийж нэмүү өртөг шингэсэн олон нэр төрлийн экспортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь улс аймаг, орон нутгийн эдийн засагт өндөр үр өгөөжтэй байх юм. Үүнд хувийн хэвшлийн оролцоо, санал санаачилга ийнхүү чухал байгааг удирдлагууд онцолж байлаа.
Related news